ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХОЁР ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ АНГЛИ ХЭЛЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс үзүүлдэг “Эрүүл мэндийн ажилтны мэргэшлийн зэргийн лавлагаа” болон “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа” үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс англи хэлээр авах боломжтой боллоо.
Ингэснээр эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн мэргэшлийн зэрэг болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг англи хэлээр авч, гадаад улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, ажиллах болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэхэд ашиглах боломжтой болж байна.
Дээрх лавлагааг англи хэлээр цахимаар авах боломж бүрдсэнээр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, цаг хугацаа, зардлыг хэмнэх ач холбогдолтой юм.
How to Access the Service
- E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- Үйлчилгээний хайлтын хэсэгт авахыг хүссэн лавлагааны нэрийг бичиж хайна.
- Үйлчилгээг сонгон, шаардлагатай мэдээллийг шалгана.
- Лавлагааг англи хэлээр авах сонголтыг сонгож, хүсэлтээ илгээнэ.
- Үйлчилгээний үр дүнгээ цахимаар хүлээн авна.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХИЙН ГИШҮҮН ИРГЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТЫГ АНГЛИ ХЭЛЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт”-ыг англи хэл дээр авах боломж бүрдлээ.
Энэхүү тодорхойлолт нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнээр бүртгэгдсэн иргэдэд зориулагдсан бөгөөд амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх болон нийгмийн халамжийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамрагдахдаа шаардлагатай тохиолдолд ашиглах боломжтой.
Instructions for accessing the service:
- Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- Үйлчилгээ хайх хэсэгт “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт” гэж бичиж хайна.
- Хэлний сонголтоос English (Англи хэл)-ийг сонгоно.
- Хүсэлтээ илгээж, бэлэн болсон тодорхойлолтоо цахимаар татаж авна.
Үйлчилгээг англи хэлээр авах боломж бүрдсэнээр иргэд орчуулгын нэмэлт зардал, цаг хугацаа хэмнэхээс гадна, гадаадын байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрт шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэхэд илүү хялбар болж байна.

СУУРЬ ТЭТГЭВРИЙН ТОГТООЛТЫН ХУУДАС ЦАХИМЖЛАА
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд Нийгмийн даатгалын ерөнхий газраас үзүүлдэг “Суурь тэтгэврийн тогтоолтын хуудас” үйлчилгээ шинээр нэвтэрлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын болон цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгож эхэлсэнтэй холбоотойгоор уг үйлчилгээг E-Mongolia системээр дамжуулан цахимаар авах боломж бүрдлээ.
Суурь тэтгэвэр нь олон давхаргат тэтгэврийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улсын төсвөөс санхүүжиж, өндөр настны орлогын баталгааг хангахад чиглэнэ. Даатгалын шимтгэлд үндэслэн тогтоодог үндсэн тэтгэврээс тусдаа олгогддог тул иргэд тус тогтоолтын хуудсаар өөрийн суурь тэтгэврийн талаарх мэдээллийг авах боломжтой.
ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:
- E-Mongolia системийн www.e-mongolia.mn цахим хуудас эсвэл гар утасны аппликейшнд нэвтэрнэ.
- Үйлчилгээ хайх хэсэгт “Суурь тэтгэврийн тогтоолтын хуудас” гэж бичиж хайна.
- Үйлчилгээг сонгон хүсэлтээ илгээнэ.
- Үүссэн баримт бичгийг цахимаар татаж авна.
Ингэснээр иргэд Нийгмийн даатгалын байгууллагад биечлэн очихгүйгээр уг үйлчилгээг авах боломжтой болж, цаг хугацаа, зардлаа хэмнэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай авах нөхцөл бүрдлээ.

