Жирэмсэн эхчүүдэд зориулсан сар бүрийн 40,000 төгрөгийн тэтгэмжийг E-Mongolia системээр дамжуулан цахимаар илгээх боломжтойг та мэдэх үү?
Энэхүү тэтгэмжийг жирэмсний 5 сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэл хугацаанд олгодог бөгөөд өмнө нь заавал биечлэн очиж баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байсан бол одоо та цахимаар хялбархан илгээх боломжтой.
Хэрхэн хүсэлтээ цахимаар илгээх вэ?
- Та E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтрэн орж;
- Үйлчилгээнүүд хайх хэсгээс “Жирэмсний 5 сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд олгох тэтгэмж” гэж хайн үйлчилгээ авах товч дээр дарна.
- Ингэснээр бүрдүүлэх материалын жагсаалт гарч ирэх бөгөөд цахимаар хүсэлт илгээхэд гарч ирсэн материалыг бүрдүүлэх шаардлагагүйгээр банкны дансаа сонгон үйлчилгээг авна.
Мөн та хяналтад орсон эмчдээ урьдчилан хэлж, жирэмсэн эхэд олгох тэтгэмжид хамрагдах хүсэлтийн цахим зөвшөөрөл явуулдаг. Бүртгэлийг хийсний дараа таны бүртгэлтэй утас, мэйл хаягт хариу ирнэ. Бүртгэлийг амжилттай хийж дууссаны дараа хүсэлт илгээгдлээ гэсэн төлөвтэй харагдах бөгөөд холбогдох мэргэжилтэн хүлээж авсны дараа мэргэжилтэнд хуваарилагдлаа, хамгийн сүүлд нь баталгаажлаа гэсэн төлөв харагдана.
Сар бүрийн 20-ны өдөр таны бүртгүүлсэн дансанд жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмж ордог. Хэрэв амжилттай бүртгүүлсэн ч тэтгэмжийн мөнгө орохгүй байвал дүүрэг, хорооны нийгмийн халамжийн үйлчилгээний мэргэжилтэнтэйгээ холбогдож асуудлаа шийдэх боломжтой.
Цахим шийдэж, цагаа хэмнэе.