Өнөө үед цахим орчин хурдацтайгаар хөгжиж төрийн үйлчилгээг хүртэл биечлэн очиж авах шаардлагагүй цагаа хэмнэн цахимаар авдаг болсон. Хэдий бүх зүйл хялбар, хүртээмжтэй болж байгаа ч цахим шилжилттэй эн зэрэгцэн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх нь нэн чухал асуудал билээ.
“И-Монгол академи” УТҮГ нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулж, өнөөдрийг хүртэл 84,744 гаруй иргэдэд 1138 удаагийн давтамжтайгаар 2444 цагийн танхим болон цахим хэлбэрээр сургалт зохион байгуулаад байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар тус газрын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс зохион байгуулсан сургалтад төрийн албан хаагч 12,191, ахмад настан 65, иргэд 2015 буюу нийт 14,211 иргэн хамрагдаж цахим ур чадвараа нэмэгдүүллээ.
Сургалтын хүрээнд дараах үндсэн сэдвүүдээр мэдлэг, чадварыг олгож, практик заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.
- Цахим засаглал, цахим хөгжлийн багц хууль,
- Мэдээллийн аюулгүй байдал,
- Хиймэл оюун,
- Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP-EMONGOLIA,
- Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас gov.mn,
- Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, мэдээллийн хүртээмж,
- E-Mongolia ашиглалт ба хэрэглээ,
- Мэргэжил сонголт ба цахим ур чадвар, ухаалаг утасны хэрэглээ,
- Албан бичиг солилцооны дундын docx систем,
- Тоон гарын үсэг, хэрэглээ
Мөн тоон тэгш бус байдлыг бууруулах, бүх нийтийн цахим ур чадварыг жигд түвшинд хүргэх зорилгоор Digital.edu.mn цахим сургалтын платформыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус платформ нь төрийн албан хаагчид, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөдөө орон нутгийн иргэдийг хамруулсан хүртээмжтэй, үе шаттай сургалтын агуулгаар хангаж байгаагаараа онцлог юм.
Та бүхэн цахим ур чадвараа дээшлүүлэх сургалт болон мэдээ мэдээлэл авахыг хүсвэл 77111197 дугаарын 3 дугаар шугам, 11-11 дугаарын 2 дугаар шугамаар холбогдох эсвэл Digital.edu.mn порталаар хандан сургалт мэдээлэл авах боломжтой байна.