The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар 11 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн үйлчилгээг цахимжуулж буй “И-Монгол академи” УТҮГ-т ажиллав. Энэхүү уулзалтаар тус газрын ажилтан албан хаагчидтай уулзаж, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж цахим хөгжлийн багц хуулиудын хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл хүргэсэн юм.
Уулзалтын эхэнд “И-Монгол академи” УТҮГ-ын дарга Л.Энхбат байгууллагын хариуцдаг системүүд болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн талаар танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудтай холбоотой мэдээлэл өгөв.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Инновац, цахим бодлогын байнгын хороо цахим хөгжлийн багц хуулиудын хэрэгжилтэд онцгой анхааран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын “Цахим үндэстэн” болох зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй “И-Монгол академи” УТҮГ цахим хөгжлийн багц хуулиудыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байгаад баяртай байна. Цаашид ч төрийн үйлчилгээг цахимжуулах болон бусад чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллаарай. Төрийн байгууллага хоорондын мэдээллийн интеграцыг сайжруулах ажилд ч мөн анхаарал хандуулж чухал оролцоотой ажиллахыг хүсье. Байнгын хорооны зүгээс та бүхний ажлыг дэмжин ажиллах болно.” гэдгээ илэрхийлсэн юм.