Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь өнөөдөр манай орны байгаль орчны тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах томоохон хөдөлгөгч хүчин болон өргөжиж байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд нийт нэг тэрбум мод тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж, энэ оноос эхлэн улс орон даяар их хэмжээний талбайд мод тарьж эхэллээ.
Ирэх хоёр жилийн хугацаанд 570 сая, 2028-2030 онд 850 сая мод шинээр тарихаар төлөвлөсөн нь уг хөдөлгөөний цар хүрээ, ач холбогдлыг тодотгож байна.
Мод бүртгүүлэх шинэ үйлчилгээ:
Та өөрийн хашаа болон эзэмшлийн газартаа тарьсан модоо E-Mongolia аппликэйшн ашиглан албан ёсоор бүртгүүлэх боломжтой. Уг бүртгэл нь “Нэг тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилтийг ил тод, хяналттай, үр дүнтэй зохион байгуулахад бодитой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Мод бүртгүүлэх заавар:
- E-Mongolia аппликэйшнээс “Үйлчилгээ хайх” хэсэгт “Мод бүртгүүлэх” гэж бичин хайна.
- “Үйлчилгээ авах” товчийг дарна.
- Мод тарьсан байршил, төрөл зүйл, бутлаг ургамлын нэршил, тарьсан огноо зэргийг бөглөж, модны зургийг хавсарган бүртгэлийн хүсэлтээ илгээнэ.
Ийнхүү бүртгэл хийснээр тарьсан модны тоо хэмжээг үнэн зөв бүртгэхээс гадна байгаль хамгааллын нэгдсэн мэдээллийн сантай болох, олон нийтийн оролцоог бодитоор үнэлэх, иргэний хариуцлага, үүргийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой.
Иргэн таны тарьсан нэг мод Монгол орны ногоон ирээдүйн эхлэл болно. Байгаль орчноо хамгаалж, хойч үедээ эрүүл, тэнцвэртэй орчныг өвлүүлэн үлдээх үйлсэд идэвхтэй оролцоцгооё!