E-Mongolia Academy

7 хоногийн тойм

E-Mongolia-гаар Улаанбаатар хотын нийтийн төв номын санд цахимаар бүртгүүлж, бар кодоор нэвтэрдэг боллоо

Иргэдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн бүртгэлийн үйлчилгээ E-Mongolia системд нэвтэрлээ.

Өмнө нь уншигчаар бүртгүүлэхийн тулд номын санд биечлэн очиж, бичиг баримтаа бүрдүүлэн бүртгэл хийлгэх шаардлагатай байсан бол одоо E-Mongolia аппликэйшн болон портал ашиглан цахимаар бүртгүүлэх боломжтой болсон нь иргэдийн цаг хугацааг хэмнэх, үйлчилгээ авах үйл явцыг хялбарчилсан чухал шинэчлэл юм.

Цахимаар бүртгүүлсэн уншигчид E-Mongolia профайлаасаа уншигчийн мэдээллээ шууд харах боломжтой бөгөөд уг мэдээлэлд багтсан бар кодыг номын сангийн хаалганд уншуулснаар биет үнэмлэхгүйгээр нэвтрэх боломжтой. Мөн нэг удаагийн бүртгэлээр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн таван салбар нэгжид үйлчлүүлэх боломжтой бөгөөд бүртгэл хийлгэсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.

Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны удирдлагын системийн ашиглалтын сургалтыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хурлын 23 дугаар тэмдэглэл, мөн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Төрийн байгууллагуудын цахим хуудсыг нэгдсэн загвар бүхий удирдлагын системд нэгтгэж, төрийн үйлчилгээг ‘И-Монголиа’ системтэй холбох” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны удирдлагын системийн ашиглалтын сургалт /2025.10.10/ зохион байгуулагдлаа.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай болон холбогдох албаныхан оролцлоо.

Тус сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс, Систем нэгтгэлийн газрын Цахим засаглалын хэлтэстэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтын зорилго нь төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудасны үйл ажиллагааг сайжруулах, системийн оновчтой хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн админ ажилтнуудад хэрэглээний практик зааварчилгаа өгөхөд оршив.

Сургалтад 21 аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд хамрагдаж, Gov.mn болон E-Mongolia.mn -ийг нэгтгэн хөгжүүлсэн “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны удирдлагын систем”-ийг практикт суурилан ашиглах аргачлал, шинэчлэлийн боломжуудтай танилцлаа.

Цаг уурын горимын мэдээгээ E-Mongolia-аас аваарай

“И-Монгол академи” УТҮГ, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран Цаг уурын горимын мэдээний тодорхойлолтыг авах үйлчилгээг цахимжууллаа.

Тус үйлчилгээгээр Цаг агаарын 138 өртөө, 180 харуулын ажиглалтаар агаар, хөрсний  температур, даралт, чийг, хур тунадас, салхи, үзэгдлийн тоон мэдээ болон тодорхойлолт авах боломжтой юм.

Үйлчилгээг хэрхэн авах вэ?

E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтэрч орно

Үйлчилгээ хайх хэсэгт “Цаг уурын горимын мэдээ” хайлт хийн үйлчилгээг сонгоно

Гарч ирэх талбаруудыг бүрэн гүйцэт бөглөсний дараа хүсэлтээ илгээн үйлчилгээгээ авна.

E-Mongolia-аар дамжуулан Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо хамрагдаарай

Монгол Улсад хүн ам, орон сууцны завсрын тооллого 2025 онд бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байна. Энэхүү тооллого нь хүн амын нийгэм, эдийн засгийн байдал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, шилжилт хөдөлгөөн, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг гол үзүүлэлтийг бүртгэх, дүн шинжилгээ хийх зорилготой цогц судалгаа юм.

Хүн ам, орон сууцны завсрын тооллого (ХАОСЗТ)-ыг холбогдох хууль, олон улсын зарчим, зөвлөмжид нийцүүлэн төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан зохион байгуулж байна.

Иргэд “Хүн ам, орон сууцны завсрын тооллого – 2025” судалгаанд E-Mongolia портал болон мобайл аппликэйшн-ээр дамжуулан оролцох боломжтой. Хэрэглэгч E-Mongolia-д нэвтэрсний дараа эхний нүүрэнд байрлах баннер дээр дарснаар 2025.mn цахим хуудсанд автоматаар холбогдож, судалгааг бөглөх нөхцөл бүрдэнэ.

Мөн Үндэсний статистикийн хорооноос тооллогын мэдээллийн үнэн зөв, чанарыг сайжруулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллээ тодруулах шаардлагатай иргэдтэй утсаар холбогдон ажиллах юм.

Үндэсний статистикийн хорооноос мэдээллийг нэгдсэн байдлаар нэгтгэн боловсруулснаар Монгол Улсын хүн ам зүйн бүтэц, нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг үнэлэх чухал суурь тоон мэдээллийг бий болгоно.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД, ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ДУНД “E-BUSINESS 2.0” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бизнес эрхлэгчдэд зориулсан “E-Business” платформ 2023 онд хэрэглээнд нэвтэрснээс хойш бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд дижитал өөрчлөлт авчирсаар байна. Хуулийн этгээд үүсгэн байгуулах, зөвшөөрөл авах, сунгах, байгууллагын лавлагаа зэрэг 953 төрлийн үйлчилгээг нэг платформоос авах боломжийг бүрдүүлснээр одоогийн байдлаар 39,940 хэрэглэгч нийт 345,365 удаа цахимаар үйлчлүүлээд байна.

Тус систем нь бизнесийн орчны ил тод байдал, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний шинэ загварыг бий болгож, эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй.

Дээрх платформтой холбогдуулан “E-Business 2.0” бизнес эрхлэгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг  /2025.10.17/ амжилттай болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх замаар бизнес эрхлэгчдэд хүнд сурталгүй хүргэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг сайжруулах, “E-Business” системийн хөгжлийн дараагийн шатны зорилт, хэрэгжилтийг хэлэлцэж, бизнес эрхлэгчдийн санал, шийдэл, гарцыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), “И-Монгол академи” УТҮГ хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл оролцож, цахим үйлчилгээний дараагийн шатны зорилт, хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлж, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрээр хүргэх, экспорт, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг сайжруулах бодлогын шинэ алхмуудыг тодорхойлон санал солилцлоо. Цаашид “E-Business 2.0”-ийг бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээ болон системүүдийг нэгтгэсэн нэг цонх болгон хөгжүүлж, зөвхөн портал бус мобайл хувилбарыг гаргах, нэн хэрэгцээтэй шаардлагатай шинэ үйлчилгээ болон цахимжсан үйлчилгээнүүдийг дахин загварчлан сайжруулах, бусад төрийн системүүдтэй интеграци хийж бизнес эрхлэгчдэд зориулсан нэг цонх үүсгэх, нэгтгэсэн бизнесийн дижитал орчныг бүрдүүлэхээр зорьж байна.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсээр байна

“И-Монгол aкадеми” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс нь

Боловсролын зээлийн сангийн албан хаагчдад “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем /ERP.E-MONGOLIA/ ашиглах”   танхимын  сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, албан хаагчдын өдөр тутмын ажлын гүйцэтгэлийг оновчтой болгох, илүү хурдтай, хариуцлагатай, ил тод байдлыг хангахад чиглэж байна. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.