Зуны дэлгэр цаг ирж аялагчдын тоо эрс нэмэгддэг энэ үед иргэд байгалийн үзэсгэлэнт газруудад саадгүй аялахын тулд тодорхой бүс нутгуудад нэвтрэх зөвшөөрөл зайлшгүй шаардагддаг.
Тухайлбал, Баян-Өлгий аймагт орших байгалийн цогцолборт газар болох Алтай Таван Богд, Хотон, Хурган нуур, Шивээт хайрхан, Даян, Ёлт, Чихэртэй, Бага Түргэний хүрхрээ зэрэг бүс нутаг хилийн зурваст хамаардаг учир тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд л аялах боломжтой байдаг.
Өмнө нь иргэд энэ зөвшөөрлийг Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар анги дээр биечлэн очиж авдаг байсан бол одоо E-Mongolia цахим системээр дамжуулан хүсэлтээ илгээж, зөвшөөрлөө авах боломжтой.
E-Mongolia системээр дамжуулан уг зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрдсэн цагаас хойш нийт 601 иргэн амжилттай хүсэлтээ илгээн зөвшөөрлөө аваад байна. Энэ нь тус үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг харуулж буй тод жишээ юм.
Иргэд хэрхэн зөвшөөрлөө цахимаар авах вэ?
- Та www.e-mongolia.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- “Үйлчилгээнүүд” хэсгээс “Нийслэл, аймаг” цэсийг сонгоно.
- “Баян-Өлгий аймаг”-ийн үйлчилгээнүүдээс “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох” үйлчилгээг сонгоно.
- Гарч ирсэн маягтуудыг үнэн зөв бөглөж, хүсэлтээ илгээнэ.
Анхаарах зүйл: Уг зөвшөөрөл нь зөвхөн веб портал хувилбараар авах боломжтой бөгөөд мобайл аппликэйшнээр авах боломжгүй. Мөн хүсэлт гаргахдаа очих газар, зорчих хугацаа зэрэг мэдээллийг бичих шаардлагатай.
Аялахад амар, зөвшөөрөл авахад E-Mongolia таны аяллыг илүү хялбар болгоно