Зээлийн оноо гэдэг нь тухайн зээлдэгчийн зээлжих чадварын тоон илэрхийлэл бөгөөд ихэвчлэн 300-аас 850 хооронд хэлбэлздэг. Энэ нь зээлдэгчийн тухайн зээлийг хугацаанд нь төлөх магадлалыг үнэлэхэд тусална гэсэн үг.
“И-Монгол академи” УТҮГ, “Бүрэн Скор ЗМС” ХХК хамтран Бүрэноноо зээлийн онооны лавлагааг цахимжууллаа. “Бүрэн Скор ЗМС” ХХК-ийн нэвтрүүлж буй Финтек скор нь AND Solutions-н хөгжүүлсэн AI моделийг ашиглан харилцагчийн зээлийн эрсдэлийг 300-999 оноогоор тодорхойлж гаргана. Уг оноо нь зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлох бөгөөд оноо өндөр байх тусам эрсдэл бага гэж үзэх юм.
Тус үйлчилгээг нэвтрүүлснээр зээл олгох шийдвэрийг түргэн шуурхай, оновчтой болгох ба зээлдэгч байгууллагуудын зээл судлах зардлыг хэмнэх боломжийг бүрдүүллээ. Иргэн та аль банкны зээлдэгчээс үл хамаарч зээлийн мэдээллийн санд дүн шинжилгээ хийж хувь хүн бүр оноотой болох юм.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас Зээлжих зэрэглэлийн онооны мэдээллээ /Бүрэноноо/ дараах 3 орлогын эх үүсвэрт суурилан авах боломжтой боллоо.
- Цалингийн орлого
- Малын ашиг шимийн орлого
- Цалингийн орлого+Малын ашиг шимийн орлого хосолсон
Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Зээлийн онооны лавлагаа (Бүрэноноо)” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр лавлагаагаа авах боломжтой юм.