“И-Монгол академи” УТҮГ нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахимжсан үйлчилгээнүүдийн чанарт илүү анхаарч, төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай уулзалтуудыг зохион байгуулсаар байна.
Өнөөдрийн /2025.05.15/ уулзалтаар “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат, Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амар болон холбогдох мэргэжилтнүүд хамтарсан уулзалтыг зохион байгуулж хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Гаалийн цахимжсан 52 төрлийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор мэдээ, контент бэлтгэж, олон нийтэд түгээх хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулах;
- Гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг цаасгүй технологид үе шаттайгаар шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр харилцан санал солилцов.
Гаалийн ерөнхий газраас үзүүлдэг үйлчилгээнүүд цахим хэлбэрт шилжсэнээр:
- Цаг хэмнэлт
- Иргэд, аж ахуйн нэгжүүд гаалийн мэдүүлгийг онлайнаар бөглөх, илгээх боломжтой тул гаалийн байгууллагад очих шаардлагагүй болж, олон цаг алдахгүй.
- Ил тод байдал, авлигын эрсдэл буурна
- Үйлчилгээ цахимд шилжсэнээр хүний оролцоо багасч, авлига, хүнд суртлын эрсдэл буурна.
- Хаанаас ч хандах боломж
- Интернэттэй газар хаанаас ч, хэзээ ч үйлчилгээ авах боломжтой болсноор алслагдсан дүүрэг болон орон нутгийн иргэдэд илүү хүртээмжтэй болсон.
- Хянах, бүртгэх боломж сайжирсан
- Ачаа барааны бүртгэл, мэдүүлгийн түүхийг системд хадгалснаар хяналт, дүн шинжилгээ хийхэд хялбар болох олон давуу талууд юм.
Цаасгүй технологид суурилсан цахим шилжилт нь гаалийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, шударга болгох нөхцөлийг бүрдүүлж буй бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чухал алхам болж байна.
Public services at your hand – E-Mongolia