“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулгын 2 дугаар шатны баталгаажуулалт дууслаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч дууссан. Хандив, Хуримтлалын сан /Баялгийн сан/-д санал өгсөн иргэдийн 2 дугаар шатны баталгаажуулалт 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч дууслаа.

Боловсролын лавлагаагаа цахимаар, 1 минутын дотор аваарай
Өмнө нь иргэд боловсролын лавлагаа, тодорхойлолт авахын тулд сургуулиар орж, бичиг цаас бүрдүүлэх шаардлагатай байсан бол одоо E-Mongolia системийг ашигласнаар хүссэн үедээ, хаанаас ч боловсролын үйлчилгээ авах боломж бүрдлээ. Эдгээр үйлчилгээнүүд цахимжсанаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгож байна.
E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой боловсролын лавлагаанууд:
– Суурь боловсролын гэрчилгээ
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
– Их, дээд сургууль төгссөн тухай дипломын лавлагаа
– Сургалтын байгууллагад суралцаж байгааг батлах тодорхойлолт
– Ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалтын дүнгийн хуулбар
– Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) лавлагаа багтаж байна.

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчидтай чөлөөт уулзалт хийлээ
“И-Монгол академи” УТҮГ нь алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сургалт соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулсаар байна. Энэ удаад Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг урьж оролцуулан /2025.04.17/ чөлөөт уулзалтыг зохион байгууллаа.
Чөлөөт уулзалтаар “Хурдтай суралцах ур чадвар” сэдвээр илтгэл танилцуулж, аливаа зүйлийг хурдтай суралцахад нөлөөлж буй хүчин зүйлс, дэлхийн жишиг, хувь хүн хурдтай суралцах ур чадварыг эзэмшсэнээр ямар ач холбогдолтой талаар чөлөөтэй ярилцан, харилцан санал, бодлоо солилцсон юм.
Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар цахим хөгжлийг түүчээлж буй залуустаа хандан: Хувь хүний хөгжлийн тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн энэ эрин зуунд дасан зохицож, манлайлах ур чадвар, суралцах цаг хугацаа боломжоо үргэлж эрэлхийлж байхыг илэрхийлэв.

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээг авахад илүү хялбаршуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдэд учирдаг төрийн үйлчилгээг авахад дотоодын үүрэн холбооны үйлчилгээний хэрэглэгчийн дугааргүй байх хүндрэлийг шийдвэрлэх, LIME аппликэйшн болон түүний онлайн утасны дугаар, холбогдох үйлчилгээг ашиглан хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ийн үйлчилгээг илүү хялбаршуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ авахад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ болон “Онлайм Нетворк” ХХК /2025.04.18/ хамтран ажиллах гэрээ байгууллаа.

“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалтын хэлтэс нь энэ долоо хоногт нийт 7 удаагын 15 цагийн сургалтыг зохион байгууллаа
“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалтын хэлтэс нь энэ долоо хоногт нийт 7 удаагын 15 цагийн сургалтыг зохион байгуулж 1354 иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсэн байна. Үүнээс: Төрийн албан хаагч 279, ЕБС-ийн сурагчид 886, Оюутан 86, Иргэд 94, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 9 хамрагджээ.
