“И-Монгол академи” УТҮГ 2025 онд иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг хялбаршуулах зорилгоор нэн тэргүүнд шаардлагатай, хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байна. Тэгвэл энэ удаад Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран E-Mongolia системээр уншигчаар бүртгүүлэх бүртгүүлэх боломжийг бүрдүүлээд байна.
Өмнө нь дээрх номын санд уншигчаар бүртгүүлэхийн тулд иргэд заавал өөрийн биеэр очиж, бичиг баримттайгаа бүртгэл хийлгэдэг байсан бол одоо “И-Монголиа” аппликэйшн ашиглан, богинохон хугацаанд уншигчаар бүртгүүлэх боломжтой болсон нь иргэд цаг заваа хэмнэж, шаардлагатай үйлчилгээгээ хялбараар авах боломж бүрдлээ.
Номын сангийн бүртгэлийн төлбөрийн хувьд:
• Насанд хүрэгчид : 5000₮
• Тэтгэврийн настай (56-аас дээш нас): 2000₮
• Тусгай хэрэгцээт : 2000₮ тус тус байна.
Мөн Улаанбаатар хотын нийтийн төв номын санд бүртгүүлснээр байрлах 4 салбар номын санд үйлчлүүлэх эрхтэй болно. Бүртгэлийн хүчинтэй хугацаа бүртгэл хийгдсэн өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хүчинтэй үйлчилнэ.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 60,000 байнгын уншигч хэрэглэгч, 210,000 ирэгсдэд, 585000 боть ном, тогтмол хэвлэл бусад материал олгож үйлчилдэг. Нийт фонд нь 450,000 орчим монгол, орос, англи хэл дээрх ном болон судар, брайль, том үсэгтэй ном, газрын зураг, 1000 орчим аудио видео СД материал болон электрон мэдээллийн нөөцүүдтэй, 70 гаруй нэр төрлийн монгол, гадаад хэл дээрх тогтмол хэвлэлүүдтэй бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай танхим, хүүхдийн уншлагын танхимтай. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэд 200 гаруй орны 150 хэл дээрх номыг онлайнаар унших боломжтой болсноороо онцлог юм.
Энэхүү цахим үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд номын сангийн үйлчилгээг хялбар бөгөөд хурдан авах боломжтой болж байна.
Уншигчаар бүртгүүлэх линк: https://e-mongolia.mn/service/ulaanbaatar-khotyn-niitiin-tuv-nomyn-sand-unshigchaar-burtguulekh