The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations
“И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албанаас “Төрийн албан хаагчдын цахим засаглалын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” сургалтыг 2022 оны 08 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сонгуулийн ерөнхий хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын албан хаагчид сургалтад хамрагдсан. Тухайлбал, УБЕГ-ын нийт 250 гаруй ажилтан, албан хаагчид танхим болон цахимаар сургалтад оролцсон юм.
Тус сургалтаар Цахим засаглал, Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилт, тоон гарын үсгийг хэрхэн хэрэглэх тухай, орчин үеийн мэдээллийн технологийн ерөнхий ойлголтуудын талаарх цогц мэдээллийг өгсөн юм.
Төрийн байгууллагуудын албан хаагчид цаг үеэ мэдэрсэн, чухал хуулийн зүйл заалтуудыг танилцуулсан, үр дүнтэй чухал сургалт болж буйг онцоллоо. Мөн сургалтад хамрагдсан зарим албан хаагчид бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.
Хил хамгаалах ерөнхий газрын Сэтгэл зүйн хангалтын хэлтсийн мэдээлэл сурталчилгааны офицер, дэд хурандаа М.Мөнхбаяр: Сүүлийн үед хэрэгжиж буй хуулиудыг ерөнхий ойлголтоор нь, мэргэжлийн байгууллагаас бэлтгэгдсэн сургагч багш хүргэж байгаа нь өндөр ач холбогдолтой байлаа. Манай бүрэлдэхүүн дунд эргэлзээтэй байсан олон асуултуудад хариулт болж чадсан. Мөн хичээлийг бэлтгэсэн байдал, тухайн хуулиудын хүрэх үр дүн, бодит жишээ дүрс бичлэг ашигласнаараа илүү ойлгомжтой байна.
УБЕГ-ын Санхүү, аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч Э.Сайнсанаа: Сургалтад хамрагдсанаар маш олон шинэ мэдээлэлтэй боллоо. Мэдэхгүй, ойлгомжгүй байсан зүйлүүдийнхээ талаар хангалттай мэдээлэл авч чадсан. Цахим хөгжлийн багц хуультай ингэж танилцаж байгаагүй. Өнөөдөр танилцаад хуулийн зорилт, ямар утга учиртай, юу зохицуулах талаар цогц мэдээлэл авлаа.
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, ахлах ахлагч Д.Мөнгөнтуяа: Манай байгууллагад ирээд цахим ертөнц, цахим засаглал хаана явна гэдгийг мэдрүүлж өгсөнд баярлалаа. Бидний үед цахим ертөнц маш ховор хөгжсөн байсан. Тухайлбал 10, 15, 20 жилийн өмнө. Одоо бүх юм хөгжиж цахим цаг үетэй хөл нийлэхгүй бол хоцрогдоод байгаа юм байна гэж өөрийгөө жаахан чамлангуй суулаа. Сургалтын үр дүн маш гоё байлаа.