ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН E-KIDS ЦЭСЭЭР ДАМЖУУЛАН “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө – За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг баталсан.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон талт оролцоог өргөжүүлэх зорилгоор төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн хүүхэд хамгааллын E-Kids цэсэд “Эрсдэл мэдэгдэх” үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.
“Эрсдэл мэдэгдэх” үйлчилгээг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын хамгийн олон буюу 2.1 сая хэрэглэгчтэй E-Mongolia системд анх нэвтрүүлсэн. Уг үйлчилгээ нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй осол, аюулыг эрт илрүүлж таслан зогсооход чиглэгддэг.
Тус үйлчилгээг хүүхэд хамгааллын E-Kids цэсэд нэмснээр хүүхэд томчуудын анзааралгүй өнгөрдөг тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн ойр орчин, гэрээсээ сургууль руу явах замдаа тулгарсан аюултай нөхцөл байдал, эрсдэлтэй байршлын мэдээллийг өөрөө цаг алдалгүй илгээх боломжтой боллоо.
Ингэснээр мэдээлэл холбогдох шатны төрийн байгууллагад шуурхай хүрч, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх бодит шийдэл болж байгаагаараа онцлог юм.

МОНГОЛ УЛС НОГООН ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙН ХӨГЖЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани, хөгжлийн санхүүгийн байгууллагуудад танилцууллаа.
Энэхүү санаачилга нь Монгол Улсын байгаль, эрчим хүчний давуу талд тулгуурлан хиймэл оюун, өндөр хүчин чадлын тооцоолол болон өгөгдөл хадгалах өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах замаар дижитал эдийн засгийн шинэ боломж, үнэ цэнийг бий болгох зорилготой.
Монгол Улсын сэрүүн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, өргөн уудам газар нутаг нь ногоон дата төв хөгжүүлэхэд чухал давуу тал болж буй. Эдгээр давуу талыг эрх зүй, татвар, санхүүжилт, эрчим хүч, газар ашиглалтын бодлоготой уялдуулан, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
10 САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, 863 МВТ-ЫН ТӨСЛИЙН БАГЦ БҮРДҮҮЛЛЭЭ
COP17 бага хурлын хүрээнд Монгол Улс АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапурын байгууллага, хувийн компаниуд болон Азийн хөгжлийн банктай нийт 10 санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгүүд нь ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны дэд бүтэц, дижитал шилжилт, судалгаа, технологийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс бөгөөд нийт 863 МВт орчим хүчин чадал бүхий дата төв болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ДЭД БҮТЦИЙГ ЦОГЦООР НЬ БҮРДҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газар дата төвийн дэд бүтцийг бүхэлд нь төрөөс барьж байгуулах бус, харин дотоодын аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани, хөгжлийн санхүүгийн байгууллагуудыг татан оролцуулах эрх зүй, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байна.
Энэ хүрээнд Өгөгдлийн тухай хуулийн төслийг өргөн барьж, дата төвийн бие даасан, найдвартай үйл ажиллагааг хангах “Sovereign by Design” үндэсний стратегийн хүрээг боловсруулж байна.
“Sovereign by Design” стратеги нь:
- Эрчим хүчний бие даасан байдал
- Харилцаа холбоо, сүлжээний бие даасан байдал
- Хууль, эрх зүйн бие даасан байдал гэсэн гурван үндсэн чиглэлд тулгуурлана.
Эдгээр нь дата төвийн найдвартай эрчим хүчний хангамж, олон төрөлт харилцаа холбооны дэд бүтэц, өгөгдлийн засаглал, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл дамжуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэнэ.

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТИЙН ГЭРЭЭГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ЦАХИМААР БАЙГУУЛААРАЙ
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлийн нэгдүгээр шат амжилттай хаагдаж, нийт 100,000 гаруй хүүхдийн цахим бүртгэлийг баталгаажуулан цэцэрлэгт нь хуваарилаад байна.
Эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан хүүхдийнхээ “Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн”-г харах боломжтой. Энэхүү цахим шийдлийн ачаар заавал цэцэрлэг дээр биечлэн очиж цаасан гэрээ байгуулж байсан бол одоо гар утсаа ашиглан хүссэн газраасаа гэрээгээ цаг алдалгүй, шуурхай баталгаажуулах боломж бүрдлээ.
Цахим гэрээг хэрхэн байгуулах вэ?
- E-Mongolia системд нэвтэрч, “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээг сонгоно.
- Таны цэцэрлэгийн насны хүүхдийн мэдээлэл гарч ирэх бөгөөд хуваарилагдсан тохиолдолд төлөв хэсэгт “ХУВААРИЛАГДСАН” гэж харагдана.
- Хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээллийн доор байрлах “ГЭРЭЭ БАЙГУУЛАХ” товч дээр дарснаар E-Geree.mn систем рүү автоматаар шилжин цахим гэрээгээ хийнэ.
Гэрээгээ цахимаар байгуулснаар цаг хугацаа, замын түгжрэлийг хэмнэхээс гадна хүүхдийнхээ гэрээний нөхцөлтэй хэзээ ч эргэн танилцах боломжтой юм. Мөн нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн гэрээг цахимжуулснаар 181 модтой тэнцэх хэмжээний цаасны хэрэглээг хэмнэж, байгаль орчинд ээлтэй чухал алхам болж байна.
Цахим гэрээний талаар асууж тодруулах зүйл байвал Боловсролын яамны 7014-0069 дугаарт холбогдох боломжтой.

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагаас эхлэн “E-Mongolia” системээр дамжуулан цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 18,115 хүүхдийн хүсэлт илгээгдсэн байна. Энэ нь иргэдэд сургууль дээр очиж дараалалд зогсохгүйгээр, цаг заваа хэмнэн, хүссэн цагтаа гэрээсээ хүүхдийнхээ элсэлтийн хүсэлтийг илгээх боломж олгож байгаа билээ.
Уг бүртгэл 2026 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 23:59 цагт хаагдах тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн амжиж хүүхдээ бүртгүүлэхийг зөвлөж байна.
Цахимаар хүсэлт илгээхэд анхаарах зүйлс
- Өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх.
- Түр оршин суух хаягтай иргэн амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай. Мөн хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандана уу.
Элсэлттэй холбоотой мэдээллийг дараах сувгуудаас авах боломжтой:
- parent.edu.mn цахим систем
- Төрийн үйлчилгээний иргэд, олон нийттэй харилцах төв: 11-11
- Боловсролын ерөнхий газар: 70140069
- Аймаг, нийслэлийн боловсролын газруудын утас
Save your time by using digital services E-Mongolia!

