Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлийн нэгдүгээр шат амжилттай хаагдаж, нийт 100,000 гаруй хүүхдийн цахим бүртгэлийг баталгаажуулан цэцэрлэгт нь хуваарилаад байна.
Эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан хүүхдийнхээ “Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн”-г харах боломжтой. Энэхүү цахим шийдлийн ачаар заавал цэцэрлэг дээр биечлэн очиж цаасан гэрээ байгуулж байсан бол одоо гар утсаа ашиглан хүссэн газраасаа гэрээгээ цаг алдалгүй, шуурхай баталгаажуулах боломж бүрдлээ.
Цахим гэрээг хэрхэн байгуулах вэ?
- E-Mongolia системд нэвтэрч, “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээг сонгоно.
- Таны цэцэрлэгийн насны хүүхдийн мэдээлэл гарч ирэх бөгөөд хуваарилагдсан тохиолдолд төлөв хэсэгт “ХУВААРИЛАГДСАН” гэж харагдана.
- Хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээллийн доор байрлах “ГЭРЭЭ БАЙГУУЛАХ” товч дээр дарснаар E-Geree.mn систем рүү автоматаар шилжин цахим гэрээгээ хийнэ.
Гэрээгээ цахимаар байгуулснаар цаг хугацаа, замын түгжрэлийг хэмнэхээс гадна хүүхдийнхээ гэрээний нөхцөлтэй хэзээ ч эргэн танилцах боломжтой юм. Мөн нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн гэрээг цахимжуулснаар 181 модтой тэнцэх хэмжээний цаасны хэрэглээг хэмнэж, байгаль орчинд ээлтэй чухал алхам болж байна.
Цахим гэрээний талаар асууж тодруулах зүйл байвал Боловсролын яамны 7014-0069 дугаарт холбогдох боломжтой.
