Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн байгууллага гэх мэт 12 чиглэлд нийт 20600 гаруй байгууллагын 135-150 мянга орчим ажилтан, албан хаагч жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Эдгээр иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэртэй байх шаардлагатай бөгөөд өмнө нь уламжлалт цаасан хэлбэрээр байсан бол цахимжлаа.
Тус дэвтэр E-Mongolia системд орж цахим болсноор иргэдэд хүртээмжтэй үйлчлэх, эмнэлгийн байгууллагын ачааллыг бууруулах, хуурамч шинжилгээний хариу бүрдүүлэхгүй байх, статистик мэдээллүүд илүү бодит болж, бодлогын хэмжээнд бодитой үр дүн авч ирэх юм.
Тодруулбал: Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын ачааллыг бууруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагаас олгодог урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “И-Монгол академи” УТҮГ хамтран цахимжууллаа.
Уг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр /иргэдийн нэрлэж заншсанаар “Цагаан дэвтэр”/-ийг цахимжуулснаар:
- Шинжилгээний хариу гарахтай зэрэгцэн E-Mongolia дээрээс шууд харах боломжтой болсноор биечлэн очих шаардлага үгүй болж, иргэдийн цаг, зардал хэмнэгдэнэ.
- Цаасан дэвтэр алдагдах, гэмтэх зэрэг асуудал тулгарахгүй.
- Үзлэг, шинжилгээний бүх мэдээлэл цахимаар бүртгэгдэж, эмч нар өмнөх үзлэгийн түүх, эрсдэлийг харьцуулан оношлох боломжтой болно.
- Үзлэг шинжилгээний хариу, дүгнэлтээ авах гэсэн иргэдийн давтан ирэлт байхгүй болж эмнэлгийн үзлэгийн ачаалал буурна.
- Цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, өвчлөлийн түвшин, нас хүйсийн бүтэц зэрэг үзүүлэлтүүдийг шууд гаргах боломжтой.
- Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын ажилчид урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан эсэх, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа байдалд улсын байцаагч хяналт тавина.
Цахимжуулах ажлын үр дүнд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгийн бодит мэдээлэлд тулгуурласан эрүүл мэндийн бодлого боловсруулах суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
