Энэ онд тус яамнаас 21 аймгийг цахимжуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд аймаг бүрд мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer)-ийн орон тоог бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Уг албан тушаалтан нь аймгаа цахимжуулах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч ажиллах юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хурлыг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийг бодлогын түвшинд дэмжиж, “Цахим Үндэстэн” болох уриалга дэвшүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт бид 21 аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын ажлыг гурван шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн. Үүний хамгийн эхний шалгуур нь цахимжилт. Өнөөдөр “E-Mongolia” системд төрийн 600 гаруй үйлчилгээ орсон байна. Мөн найман аймаг нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулчихсан байна. Ирэх 03 дугаар сарын 15-аас Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи”-ийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө” гэдгийг онцлов.
Үүний дараагаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав.
Тэрбээр “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа – 2050”, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр -2030”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсан гэдгийг онцлов. Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, Инновац, үйлдвэрлэл, Хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилтыг дэвшүүлсэн.
Мөн “Монгол Улсын цахим шилжилт улс орон даяар хийгдэх ёстой ажил гэж харж байна. Нийслэл төдийгүй 21 аймаг цахимжиж байж бид “Цахим Үндэстэн” болох зорилтоо биелүүлнэ.” гэдгийг дурдаад 21 аймгийн удирдлагуудыг манлайлж ажиллахыг уриалсан юм.
Үүний хүрээнд Монгол Улсын хүн ам, нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөнө. 5G технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээ, цахим худалдаа, логистик, шуудангийн олон улсын транзит тээврийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан өргөтгөн хөгжүүлэх, иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах тал дээр далайцтай ажил төлөвлөж байгааг мэдээлсэн юм.
21 аймгийн удирдлагуудтай хийж буй цахим хурлын үеэр “И-Монгол академи”-ийн захирал Л.Энхбат “Жишиг цахим аймаг” концепцийг танилцуулсан юм. Тэрбээр аймгуудыг өөрсдийнх нь онцлогт тохируулан цахим болгох ажлыг хийхээр төлөвлөж буйг онцоллоо. Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” системд 8 аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээ цахимжсан. Цаашид бүх аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулж, ойрын хугацаанд төрийн алба хаагч болон иргэд олон нийтэд сургалт зохион байгуулна. Төрийн үйлчилгээ нэгдсэн төвийг аймаг бүрд байгуулах, мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer)-ийн орон тоог бий болгоно гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн тус яамны Бодлогын газрын дарга З.Гантогоо олон улсын жижиг хот, аймгуудын цахимжилтын туршлагын талаарх мэдээллийг өгсөн юм.
Мөн цахим хөгжлийн багц хуулиуд батлагдсантай холбогдуулан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн онцлох заалтуудын талаарх мэдээллийг өглөө.
Хурлын төгсгөлд 21 аймгийн удирдлагууд асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ цахимжилтын хүрээнд хийгдэж буй ажлаа танилцууллаа. Цаашид жилд дөрвөн удаа цахимаар хуралдаж, ажлын явцын талаар санал солилцож байхаар болов.