Skip to main content

E-Mongolia Academy

7 хоногийн тойм

E-BUSINESS 2.0: ИТГЭМЖЛЭЛЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Бизнес эрхлэгчид болон хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор E-Business 2.0 системийг хэрэглэгчдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан шинэчлэн хөгжүүлээд байна. 

Системийн хөгжүүлэлт, сайжруулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хүрээнд бизнес эрхлэгчдээс ирүүлсэн санал хүсэлт, тулгамдсан асуудлуудыг судалж, шинэчлэлд бодитоор тусгаснаар бизнесийн үйл ажиллагааг бүрэн цахим орчинд удирдах боломжийг улам өргөжүүлж байна 

Энэхүү шинэчлэлийн хүрээнд “И-Монгол академи” УТҮГ Монголын Нотариатчидын танхимтай хамтран E-Business системийн 77 үйлчилгээг итгэмжлэлээр авах боломжийг бүрдүүллээ. 

Ингэснээр иргэн болон хуулийн этгээд нь нотариатын байгууллагаар дамжуулан “E-Business системээр үйлчилгээ авах” итгэмжлэл үүсгүүлж, ДАН танилт, нэвтрэлтийн системээр нэвтрэн итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд төрийн үйлчилгээг авах боломжтой болсон юм. 

Мөн итгэмжлэлээр эрх авсан хэрэглэгч E-Business системээр үйлчилгээ авах хүсэлт гаргах үед тухайн хүсэлтийн мэдээлэл нь эрх олгосон байгууллагын эрх бүхий этгээдэд мэдэгдэл хэлбэрээр хүрэх бөгөөд үйлчилгээний явц, төлбөрийн нэхэмжлэл болон бусад мэдээллийг цахимаар хянах боломжтой. 

Ингэснээр:  

  • Байгууллагын эзэмшигч, удирдлага заавал өөрөө үйлчилгээ авах шаардлагагүй болно. 
  • Эрх олгосон ажилтан байгууллагын өмнөөс цахимаар үйлчилгээ авах боломжтой болно. 
  • Хүсэлт, шийдвэрлэлтийн явц болон төлбөрийн мэдээллийг бодит хугацаанд хянах боломж бүрдэнэ. 
  • Байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдал, бүтээмж нэмэгдэнэ. 

Итгэмжлэлээр үйлчилгээ авах эрх нь зөвхөн нотариатаар баталгаажсан итгэмжлэлийн хүрээнд хүчинтэй байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан тохиолдолд системд нэвтрэх болон үйлчилгээ авах эрх автоматаар цуцлагдана. 

E-Business 2.0 нь бизнес байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа удирдах, өргөжүүлэх хүртэлх бизнесийн амьдралын мөчлөгийг бүхэлд нь дэмжих, төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн үндэсний платформ юм. 

E-BUSINESS СИСТЕМД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ БАНК ХООРОНДЫН НЭХЭМЖЛЭХЭЭР ТӨЛӨХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ 

E-Business системийн төрийн үйлчилгээний төлбөрийг банк хоорондын нэхэмжлэхээр төлөх шинэ боломж хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд E-Business системээр төрийн үйлчилгээ авахдаа банк хоорондын нэхэмжлэх үүсгэн, Төрийн банкны аппликэйшн болон интернэт банкаар төлбөрөө хялбар, шуурхай төлөх боломжтой боллоо. 

Төрийн үйлчилгээний төлбөрийг банк хоорондын нэхэмжлэхээр хэрхэн төлөх вэ?  

  1. E-Business системд нэвтэрч шаардлагатай төрийн үйлчилгээг сонгоно. 
  2. Хэрэв тухайн үйлчилгээ төлбөртэй бол төлбөрийн хэрэгслээс “Банк хоорондын нэхэмжлэхээр төлөх” сонголтыг дарна. 
  3. Банкны дансны дугаараа гараар оруулах эсвэл Сангийн яаманд бүртгэлтэй дансны жагсаалтаас сонгон банк хоорондын нэхэмжлэх үүсгэнэ. 
  4. Нэхэмжлэх амжилттай үүссэний дараа Төрийн банкны аппликэйшн эсвэл интернэт банк руу нэвтэрч “Нэхэмжлэх” цэсээс үүссэн нэхэмжлэхээ төлнө. 
  5. Төлбөр амжилттай хийгдэж баталгаажмагц E-Business систем төлөвийг автоматаар шинэчилж, төлбөрийн баримтыг үүсгэнэ. 

Хэрэв төлбөр амжилттай хийгдсэн боловч системд төлөв шинэчлэгдээгүй бол “Төлбөр” цэс рүү орж “Төлбөр шалгах” товчийг дарснаар төлбөрөө дахин баталгаажуулах боломжтой. 

Одоогийн байдлаар банк хоорондын нэхэмжлэхээр үүсгэсэн төрийн үйлчилгээний төлбөрийг зөвхөн Төрийн банкны аппликэйшн болон интернэт банкаар төлөх боломжтой бөгөөд цаашид энэхүү боломжийг бусад банкуудад үе шаттайгаар өргөжүүлэхээр ажиллаж байна.  

E-MONGOLIA СИСТЕМД “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦЭС НЭМЭГДЛЭЭ 

Парламентын засаглалтай, парламентат ёсыг төлөвшүүлж байгаа улс орнуудын хувьд жил бүрийн бүрийн зургаадугаар сарын 30-ны өдөр чухал тэмдэглэлт өдөр байдаг. Одоогоос 137 жилийн өмнө буюу 1889 онд Олон улсын парламентын холбоо үүсгэн байгуулсан энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 онд “Олон улсын парламентын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ жилийн хувьд Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриан дор дэлхий дахинаа тэмдэглэж байгаа бөгөөд парламентын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй засаглалыг бэхжүүлэх асуудалд онцгойлон анхаарч байна. 

Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр /2026.06.30/ Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон “И-Монгол академи” УТҮГ хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд “Нээлттэй парламент” шинэ цэсийг нэвтрүүлж, иргэдийн хэрэглээнд албан ёсоор орууллаа. 

Шинээр нэмэгдсэн “Нээлттэй парламент” цэс нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгохын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал бодлыг бодлого боловсруулах түвшинд хүргэх зорилготой юм. 

Тус цэсээр дамжуулан иргэд дараах боломжуудыг нэг дороос авах боломжтой болж байна. Үүнд: 

  • Хууль тогтоомжийн төсөлд санал өгөх – d.parliament.mn системтэй холбогдон боловсруулагдаж буй хууль, тогтоомжийн төсөлд өөрийн саналыг цахимаар хүргэх; 
  • Нийтийн өргөдөл санаачлах, дэмжих – petition.parliament.mn системээр дамжуулан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар өргөдөл санаачлах, бусдын санаачилсан өргөдлийг дэмжих; 
  • УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээлэлтэй танилцах – Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн оролцоо, ирцийн мэдээллийг нээлттэй харах; 
  • “УИХ таныг сонсож байна” үйлчилгээгээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлт, үнэлгээгээ Улсын Их Хуралд шууд хүргэх боломжтой болсон байна. 

Ийнхүү парламентын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн хамгийн их ашигладаг цахим үйлчилгээнүүдийг E-Mongolia системд нэгтгэн нэвтрүүлснээр төрийн үйлчилгээ илүү төвлөрсөн, хүртээмжтэй, хэрэглэгчдэд хялбар болж байгаа юм. Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох иргэдийн боломжийг өргөжүүлж, төр, иргэний хоорондын цахим харилцааг илүү үр ашигтай, шуурхай болгох нөхцөл бүрдэж байна. 

“Нээлттэй парламент” цэс нь парламентын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоонд тулгуурласан байдлаар хөгжүүлэхэд чиглэсэн томоохон алхам болж байгаагаараа онцлог юм. Иргэд зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, хууль тогтоох үйл явцад саналаа илэрхийлэх, нийтийн асуудлаар санаачилга гаргах, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг бодит оролцоог хэрэгжүүлэх боломжтой болж байна. 

2026 ОНЫ 6 ДУГААР САРД ЦАХИМ УР ЧАДВАРЫН СУРГАЛТААР 1,082 ХҮНИЙ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалтын хэлтэс нь 2026 оны 6 дугаар сард 52 төрийн байгууллагатай хамтран танхим болон цахим хосолсон хэлбэрээр нийт 19 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1,082 иргэн, төрийн албан хаагчийг цахим ур чадварын сургалтад хамрууллаа. 

Нийт оролцогчдын: 
     • 791 нь төрийн албан хаагч, 
     • 291 нь иргэн хамрагдав.  

Сургалтын хүрээнд оролцогчдын цахим орчин дахь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онол, практик хосолсон сургалт, зөвлөгөөг дараах сэдвүүдээр хүргэлээ.  

Үүнд: 

  • Мэдээллийн хүртээмж 
  • Цахим орчин дахь хүүхэд хамгаалал; 
  • Тоон гарын үсэг, түүний хэрэглээ; 
  • Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia; 
  • Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем 
  • ERP.E-Mongolia-ийн ашиглалт; 
  • Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (MIL)-ын ерөнхий ойлголт; 
  • Хиймэл оюуныг ашиглан контент бүтээх арга, хэрэглээ; 
  • Мэдээллийн аюулгүй байдал. 

Эдгээр сургалтууд нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын дижитал чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй сургалтууд боллоо. 

“И-Монгол академи” УТҮГ нь цаашид иргэд болон төрийн албан хаагчдын цахим ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, цахим шилжилтийг дэмжих сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулах болно. 

Цахим ур чадварын сургалтад байгууллага, хамт олноороо хамрагдахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу. 

Утас: 77111197-3 
И-мэйл: digitalskill@ema.gov.mn 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197