Mонгол улсын Ерөнхий сайдын захирамжаар 2023 онд эрүүл мэндийн цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтран төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д эрүүл мэндийн салбарын 20 гаруй үйлчилгээг нэвтрүүлээд байна. Хамгийн сүүлд буюу 2024 оны 06 сарын 01-ны өдөр “Эх хүүхдийн дэвтэр”-ийг цахим хэлбэрт шилжүүлсэнд иргэд талархалтай хандаж байгаа юм. Өмнө нь ягаан дэвтрийг гээгдүүлэх, хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой чухал мэдээлэл нь үрэгдэж алга болох гэх мэт сул талууд байсан бол асуудлыг ийнхүү ардаа орхиж байна. Уг үйлчилгээг 0-5 насны хүүхэдтэй бүх гэр бүл авч болно. Ингэхийн тулд E-Mongolia-д өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж “Эрүүл мэндийн үйлчилгээ цэс”-ээс “Эх хүүхдийн дэвтэр” гэсэн үйлчилгээг сонгон зааврын дагуу үргэлжлүүлснээр нээгдэх юм. Уг цахим хэсэгт
Эхийн төрөх үеийн мэдээлэл
- Эхийн жирэмсний талаарх мэдээлэл
- Төрөлтийн талаарх мэдээлэл
- Төрсний дараах биеийн байдал
Хүүхдийн мэдээлэл
- Өсөлт хөгжлийн график,
- Дархлаажуулалтын мэдээлэл
- 2 хүртэлх насны хүүхдийн гэрийн эргэлтийн хуваарь
- Эмчийн үзлэгийн түүх,
- Зөвлөгөө, мэдээлэл
- Хүүхдийн хооллолт зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.
Харин ягаан дэвтэр дээрх өмнөх мэдээллүүдээ харьяа хороо, дүүргийн өрхийн эмчдээ хандан E-Mongolia-д шивүүлэхийг зөвлөж байна.