Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог дараах дөрвөн төрлийн лавлагааг англи хэлээр авах боломжийг иргэдэд шинээр нэвтрүүллээ.
Англи хэлээр авах боломжтой лавлагаанууд:
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа;
- Гадаад паспорт бүртгэлгүй тухай лавлагаа;
- Регистрийн дугаар өөрчилсний лавлагаа;
- Регистрийн дугаарын тухай лавлагаа.
Иргэд E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Үйлчилгээ хайх” хэсэгт үйлчилгээний нэрээр хайлт хийснээр дээрх лавлагааг англи хэл дээр цахимаар шууд авах боломжтой.
Энэхүү шинэчлэл нь гадаад улсад суралцах, ажиллах, оршин суух, виз мэдүүлэх, түүнчлэн олон улсын байгууллагад баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай иргэдийн хэрэгцээнд нийцсэн чухал үйлчилгээ болж байна. Ингэснээр иргэд гадаад орчинд ашиглах шаардлагатай лавлагаагаа төрийн байгууллагад биечлэн хандахгүйгээр цахимаар, богино хугацаанд авах боломж бүрдэж байна.
E-Mongolia систем нь төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, шуурхай болгох зорилгын хүрээнд үйлчилгээгээ тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна.
Англи хэл дээрх лавлагааны үйлчилгээ нэвтэрснээр төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гадаад улсад ашиглах баримт бичгийн бүрдүүлэлт илүү хялбар, хурдан, найдвартай болж байна. Цаашид иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн цахим үйлчилгээг үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
