Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй авах хүсэлтийг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр гаргах боломжтой бөгөөд иргэн өөртөө болон бусдыг төлөөлж хүсэлт илгээх боломжтой. Харин үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн ч иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байгаагаас үйлчилгээний талаар мэдлэг, ойлголт бага байгаа нь анзаарагдаж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2025.05.05/ “И-Монгол академи” УТҮГ болон Хууль зүйн туслалцааны төв хамтран цахимжсан үйлчилгээ, хууль зүйн туслалцааг иргэдэд илүү хүртээмжтэй, мэдээлэл авах боломжийг өргөн хүрээнд хүргэх чиглэлээр хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат, Маркетингийн хэлтсийн дарга Б.Мөнхтулга, Хууль зүйн туслалцааны төвийн Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Батчимэг болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.
“Иргэд төрийн цахим үйлчилгээ болон хууль зүйн туслалцааг авахад ямар ч саадгүй, хүртээмжтэй байх ёстой. Энэ чиглэлд бид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ” хэмээн “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат онцоллоо.
Хууль зүйн туслалцааны төвийн Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Батчимэг: “Манай төв 2025 оны эхний улиралд 2692 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 1147 иргэнд өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлсэн. Гэсэн ч иргэд энэ боломжийг бүрэн мэддэггүй. Тиймээс бид мэдээллийг илүү хүртээмжтэй болгоход анхаарна” гэв.
Тус төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, хүн ам ихээр төвлөрсөн 8 салбарт нийт 37 салбараар дамжуулан хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн мэдээллийг төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хүргэдэг.
Цаашид хоёр байгууллага хамтран хууль зүйн мэдлэг олгох сургалт, мэдээллийг өргөн хүрээнд түгээж, цахимжсан үйлчилгээний талаарх мэдээллийг зорилтот бүлгийн иргэдэд бүх сувгаар хүргэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөлөө.
