E-Business системийн төрийн үйлчилгээний төлбөрийг банк хоорондын нэхэмжлэхээр төлөх шинэ боломж хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд E-Business системээр төрийн үйлчилгээ авахдаа банк хоорондын нэхэмжлэх үүсгэн, Төрийн банкны аппликэйшн болон интернэт банкаар төлбөрөө хялбар, шуурхай төлөх боломжтой боллоо.
Төрийн үйлчилгээний төлбөрийг банк хоорондын нэхэмжлэхээр хэрхэн төлөх вэ?
- E-Business системд нэвтэрч шаардлагатай төрийн үйлчилгээг сонгоно.
- Хэрэв тухайн үйлчилгээ төлбөртэй бол төлбөрийн хэрэгслээс “Банк хоорондын нэхэмжлэхээр төлөх” сонголтыг дарна.
- Банкны дансны дугаараа гараар оруулах эсвэл Сангийн яаманд бүртгэлтэй дансны жагсаалтаас сонгон банк хоорондын нэхэмжлэх үүсгэнэ.
- Нэхэмжлэх амжилттай үүссэний дараа Төрийн банкны аппликэйшн эсвэл интернэт банк руу нэвтэрч “Нэхэмжлэх” цэсээс үүссэн нэхэмжлэхээ төлнө.
- Төлбөр амжилттай хийгдэж баталгаажмагц E-Business систем төлөвийг автоматаар шинэчилж, төлбөрийн баримтыг үүсгэнэ.
Хэрэв төлбөр амжилттай хийгдсэн боловч системд төлөв шинэчлэгдээгүй бол “Төлбөр” цэс рүү орж “Төлбөр шалгах” товчийг дарснаар төлбөрөө дахин баталгаажуулах боломжтой.
Одоогийн байдлаар банк хоорондын нэхэмжлэхээр үүсгэсэн төрийн үйлчилгээний төлбөрийг зөвхөн Төрийн банкны аппликэйшн болон интернэт банкаар төлөх боломжтой бөгөөд цаашид энэхүү боломжийг бусад банкуудад үе шаттайгаар өргөжүүлэхээр ажиллаж байна.
