Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим шилжилт хурдацтай өрнөж, нийгэм, эдийн засгийн бүтэц үндсээрээ өөрчлөгдөж байна. Цахим технологийн хөгжил нь харилцаа холбоо, боловсрол, эдийн засгийн салбарт шинэ боломжуудыг бүрдүүлж, олон талын эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцэн цахим аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж, ялангуяа өсвөр үеийнхний дунд цахим дээрэлхэлт түгээмэл болж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд хийсэн судалгаагаар цахим орчинд дарамт, доромжлолд өртсөн хүүхдүүдийн бараг 50 орчим хувь нь уг асуудлыг хэнд ч мэдэгддэггүй бөгөөд энэ нь айдас, итгэлцлийн хомсдол, дэмжлэг авах сувгийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой болохыг онцолсон. Мөн олон улсын судалгаанууд цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэл буурах, нийгмээс тусгаарлагдах эрсдэл өндөр байдгийг харуулж байна.
Дээрх нөхцөл байдал нь урьдчилан сэргийлэх боловсрол, эрт илрүүлэлт, хариу арга хэмжээний тогтолцоог цогцоор нь бэхжүүлэх шаардлагатайг илтгэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага болон гэр бүлийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээг бий болгож байна.
Иймд хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд нэгдсэн чуулга уулзалтыг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.
Тус чуулга уулзалтад нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон холбогдох байгууллагуудын нийт 800 орчим төлөөлөл оролцох бөгөөд оролцогч талуудын хооронд туршлага солилцох, бодлогын санал, шийдлийг хэлэлцэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой.
Арга хэмжээний хүрээнд цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, сөрөг нөхцөл байдалд зөв, шуурхай хариу үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Түүнчлэн хүүхдийн эрх хамгаалал, хувийн мэдээллийн аюулгүй байдал, эцэг эх, сургууль, нийгмийн хамтын оролцоонд суурилсан урьдчилан сэргийлэх загваруудыг онцлон танилцуулна.
Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүний хөгжлийг дэмжих, аюулгүй, хариуцлагатай цахим орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ хүүхэд хамгааллын салбар дахь нотолгоонд суурилсан бодлого, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
