2026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Улс орон даяар 2026 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс /2026.01.02/ эхэллээ. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүртгэх юм.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Тухайлбал,
- Дээд офицер /Генерал/ – 65 нас
- Ахлах офицер – 60 нас
- Дунд офицер, ахлагч – 55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас хамаарах юм.
2026 оны цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл тус бүр заагдсан өөр өөр хугацаанд бүртгэх бөгөөд үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Цэргийн бүртгэл” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр 2026 оны цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.
Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу!
- Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.
- Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.
Та өөрийн цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой.
Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүргийн цэргийн штаб дээрээ дараах материалуудыг бүрдүүлж очно.
Үүнд:
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Иргэний үнэмлэх
- Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.
Монгол улсын хуулийн дагуу цэрэгт бүртгэлтэй иргэд тогтоосон хугацаанд идэвхтэй хамрагдаж иргэний үүргээ биелүүлнэ үү.
ЦАХИМ ГАДААД ПАСПОРТЫГ E-MONGOLIA СИСТЕМЭЭС ДАХИН ЗАХИАЛААРАЙ

Цахим гадаад паспортыг 2023 оны 03 дугаар сараас эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа дүүргийн бүртгэлийн газрууд олгож эхэлсэн. Цахим гадаад паспорт авснаар иргэд Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой. Тухайлбал Монгол улсын иргэд ихээр зорчдог Австрали, Канад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Турк, Шенгений орнуудад цахим паспортыг ашиглах боломжтой.
Иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр дарааллан хүлээлгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулаад хилийн шалганаар шууд нэвтрэх боломжтой. Энэхүү паспортыг ашигласнаар зорчигч 30-60 минутыг хил гааль, шалган нэвтрүүлэх дээр хэмнэх давуу талтай.
E-Mongolia системээс цахим гадаад паспорт дахин захиалах заавар:
- Иргэн та E-Mongolia вэб рүү өөрийн бүртгэлээрээ нэвтрэх;
- Үйлчилгээнүүд хайлтын хэсэгт / Цахим гадаад паспорт дахин захиалах / сонгох;
- Хавсаргах баримт бичиг болон тайлбар хэсгийн мэдээллүүдээ оруулах /Санамж хэсэгт байрлах мэдээллийг бүрэн уншиж, шаардлага хангасан зураг байршуулах/;
- Төлбөрийн мэдээллийн задаргааг уншиж танилцан төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна.
Таны захиалсан гадаад паспорт нийслэлд ажлын 5 хоногт, орон нутагт ажлын 15 хоногт багтан гарна.
Ямар тохиолдолд гадаад паспортыг шинээр авах вэ?
- Ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн
- Паспортын хугацаа дууссан
- Паспортын хуудас дууссан
- Иргэний мэдээлэл гаднах төрхөд өөрчлөлт орсон
Анхааруулга: Иргэн анх удаа гадаад паспорт захиалах гэж байгаа бол өөрийн биеэр харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээ дээр очиж захиалах боломжтой.
Мөн сануулахад, одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад паспортын хугацаа дуустал хүчинтэй бөгөөд цаашид энгийн болон цахим гадаад паспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой.
ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 5814 ИРГЭНИЙ ГОМДОЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын 1111-2 шугамаар өнгөрсөн 7 хоногт нийт 4181 дуудлага ирснээс 2297 дуудлагыг амжилттай хүлээн авч 98%-ийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Нийт 3517 иргэнд албан ёсны цахим сувгаар дамжуулан асуудлыг шийдвэрлэж заавар зөвлөгөө өгч ажилласан.
