Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын дэлхийн 7 хоног жил бүрийн 10 дугаар сарын сүүлийн долоо хоногт тохиодог.
Энэ жилийн хувьд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Цахим орчин ба ХММСБ: хамтран хэлэлцэх асуудлууд” гэсэн уриан дор нэгдэж, үндэсний оролцогч талуудын V форумыг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа.
Форумын нээлтэд ЦХХХ-ны сайд Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа нар оролцов.
Монгол Улсын Засгийн Газраас иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр бодлогын баримт бичигт тусган хэрэгжилтийг ханган ажиллаж буйг ЦХХХ-ны сайд Н.Учрал нээлтийн үг хэлэхдээ онцолсон юм.
Форум нь 5 үндсэн хэлэлцүүлгээс бүрдэж байна. Үүнд:
- ХММСБ: Албан ба албан бус боловсролын бодлого, хөтөлбөр, хэрэгцээ шаардлага
- Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хязгаар
- ХММСБ ба Жендэрийн эрх тэгш байдал
- Хиймэл оюун ухааны эрин үе – ХММСБ-д суурилсан аюулгүй байдлын асуудлууд
- Иргэний сэтгүүл зүй ба цахим эриний хэвлэл мэдээлэл
“ХММСБ: Албан ба Албан бус боловсролын бодлого, хөтөлбөр, хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийн модератороор “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир оролцож, ХММСБ-ын агуулгыг сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, ач холбогдлын талаар сонирхолтой яриа өрнүүлж, санал солилцлоо.
Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (ХММСБ) нь хүмүүст мэдээлэл ашиглахын давуу талыг нэмэгдүүлж, аливаа сөрөг нөлөөллийг багасгахад туслах цогц мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийг ойлгохын тулд өдгөө хэвлэл мэдээллийн бүхий л хэлбэрийг хэрхэн үр дүнтэй ашиглахад ихээхэн нөлөөтэй юм.