E-Mongolia Academy

Виз мэдүүлэгт шаардлагатай баримт бичгүүдийг E-Mongolia-аас нэг дор цахимаар аваарай!

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэдийн гадаад улс оронд зорчих хөдөлгөөн тогтвортой өсөлттэй байна. Тухайлбал, 2022 онд 324,467 иргэн гадаад улсад зорчсон бол 2023 онд 1,382,097 иргэн, 2024 онд давхардсан тоогоор 3,498,718 иргэн гадаад улсад аялсан статистик мэдээ бүртгэгджээ.

Одоогийн байдлаар энгийн гадаад паспорттой Монгол Улсын иргэд 30 улсад, дипломат болон албан паспорттой иргэд 65 улсад визгүй зорчих боломжтой байгаа бөгөөд бусад улсад зорчихын тулд виз мэдүүлж, тухайн улсын Элчин сайдын яамнаас зөвшөөрөл авах шаардлага үүсэж байна.

Виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх үйл явц өмнө нь иргэдэд олон байгууллагаар хандах, урт дараалалд зогсох, бичиг баримт бүрдүүлэхэд олон хоног зарцуулах зэрэг хүндрэлтэй, олон шат дамжлагатай байсаар ирсэн. Харин төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан виз мэдүүлэгт шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг нэг дор цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна.

Иргэд дараах лавлагаа, тодорхойлолтуудыг E-Mongolia системээр авах боломжтой. Үүнд:

  • Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт /англи/
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас
  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
  • Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа

Мөн шаардлагатай баримт бичгүүдийг англи хэл дээр татаж авах, цахим хэлбэрээр илгээх боломжтой бөгөөд ингэснээр гадаадын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагад бүрдүүлэх материалын иж бүрдэл илүү хялбар, шуурхай боллоо.

Түүнчлэн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан, гээсэн, хаясан тохиолдолд E-Mongolia системээр дамжуулан дахин захиалах, шинээр авах боломжийг бүрдүүлсэн нь иргэдийн амьдралд цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний чанар, шуурхай байдлыг шинэ түвшинд хүргэж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.