2024-2025 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан гурав дах жилдээ хүлээн авч байгаа юм.
Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн E-Mongolia системээр хүлээн авч эхэлнэ. Бүртгэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд хүсэлтийг зөвхөн цахимаар гаргах боломжтой.
Цэцэрлэгийн насны хүүхдээ бүртгүүлэх хүсэлтийг хоёр үе шаттай хүлээн авна. Нэгдүгээр үе шат 2024 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс 18-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний үе шат дууссаны дараагаас хоёрдугаар үе шат эхлэх юм.
Цахимаар бүртгүүлэхдээ:
- E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
- Онцлох үйлчилгээн дээр “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн хэсэг гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
- Өмнө жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаар, дүүргийг хамт сонгоно.
- Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
- Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
- Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
- Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд “2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх;
- Хаяг дээрээ түр оршин суугаа иргэн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх;
- Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах.
- Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.