Аймаг, нийслэлийн цэргийн бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Тухайлбал,

  • Дээд офицер /Генерал/ – 65 нас
  • Ахлах офицер – 60 нас
  • Дунд офицер, ахлагч – 55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас хамаарах юм.

Тэгвэл 2024 оны цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл тус бүр өөр өөр хугацаанд гурван сувгаар хийх юм. Иргэд  www.e-Mongolia.mn сайт, E-Mongolia гар утасны аппликэйшн болон төрийн үйлчилгээний оператороор дамжуулан бүртгэлд хамрагдана. Илгээсэн хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой.

Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу! 

  1. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.  
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.  
  3. Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.  

Өөрийн биеэр очихдоо дор дурдсан зүйлсийг заавал авч очно. 

  • 3 хувь цээж зураг
  • иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • 2500 төгрөг

Анхаарал хандуулсанд баярлалаа!