“E-Mongolia” ирэх долоо хоногт 3.0 хувилбараа танилцуулна. Энэ талаар “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа.
-“E-Mongolia” шинэчилсэн хувилбараа танилцуулах гэж байгаа юм байна. Энэ удаагийн шинэчлэлээр ямар ямар өөрчлөлт орсон бэ?
-“E-Mongolia” системийг хөгжүүлээд хоёр жил гаруй болж байна. 3.0 хувилбарыг ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 11-нд олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн. Гол орж байгаа өөрчлөлт нь хэрэглэгч рүү чиглэж, ашиглахад хялбар, хүртээмжтэй болж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд харааны бэрхшээлтэй иргэд “E-Mongolia” аппликэйшныг ашиглахад хялбар боллоо. Харааны олон төрлийн бэрхшээл бий. Сул хараатай, өнгөний харалган хүмүүс аппликэйшн ашиглахад хялбар болсон. Мөн сонсох боломжтой болж шинэчлэгдэж байна.
Үүнээс гадна сонордуулга хэсгийг сайжрууллаа. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын хугацаа дуусах дөхөнгүүт сонордуулга хэсгээр сануулдаг болж байна. Таны гадаад паспортын хугацаа зургаан сарын дараа дуусах гэж байна шүү гээд сануулна гэсэн үг. Тэгээд та гадаад паспортоо захиалах бол энэ холбоос дээр дараарай гээд сонордуулга хүргэх юм. Гэнэт л гадагшаа явах болтол гадаад паспортынх нь хугацаа дуусчихсан байдаг тал бий шүү дээ. Ингэснээр илүү хялбар болох юм.
Мөн “E-Mongolia” ухаалаг чатботтой болж байна. Хэрэглэгч өөрөө зөвшөөрөөд “E-Mongolia” аппликэйшнд сошиал хаягаа холбочих юм бол фэйсбүүк чатаараа сонордуулга авч болно. Энэ сонголтыг хэрэглэгч өөрөө хийх боломжтой. Оператортой холбогдож асуудаг зүйлээ чатботоор асуух, өргөдөл, гомдол, санал өгөх бас боломжтой.
Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Tapatrip аппликэйшнтай хамтарч байна. Tapatrip нь орон нутгийн автобус, гадаадын нислэг, вагоны билетийг онлайнаар захиалдаг аппликэйшн юм.
-Тэгэхээр “E-Mongolia” аппликэйшнаараа ороод автобус, вагоны билетээ захиалж болно гэсэн үг үү?
-Тийм ээ. “E-Mongolia” аппликэйшнаар орж байгаа шүү гээд нэмэлт төлбөр, шимтгэл ерөөсөө тооцохгүй. Яг үндсэн үнээр нь л захиална гэсэн үг.
-Шинэ хувилбарыг хийхэд хэдэн төгрөгийн төсөв зарцуулсан бэ?
-Шинэ хувилбарыг ямар нэг төсөв мөнгө зарцуулж хийгээгүй. “И-Монгол академи” УТҮГ нь улсын төсвөөс цалинждаг. Тиймээс өдөр тутмынхаа ажлын хүрээнд төлөвлөгөө гаргаад системийн сайжруулалтаа хийгээд явж байна. Нэмэлт төсөв гэж байхгүй.
-Өнгөрсөн сард “E-Business” аппликэйшныг мөн танилцуулсан гэж байсан. Тэр талаар мэдээлэл өгч болох уу?
-“E-Mongolia” бол иргэн-төр гэсэн харилцаанд зориулагдсан систем юм. Харин “E-Business” нь хувийн хэвшил-төр гэсэн харилцаанд зориулагдсан. Тухайн компанийн захирал нь “E-Business” аппликэйшн руу нэвтрэх эрхтэй. Олон компани удирддаг хүмүүс байдаг учир ялгахад амар болгож өгсөн. Нэг компаниа сонгоод ороход тухайн компанийнх нь ерөнхий мэдээлэл гарч ирнэ. Мөн тухайн компанийн авсан тусгай зөвшөөрлүүд, дуусах хугацаатайгаа харагдана. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байвал аппликэйшнаараа сунгах хүсэлт өгч болно. Тусгай зөвшөөрөл шинээр хүсэх бол мөн л аппликэйшнаараа өгч болно. Иргэд “E-Mongolia”-аас бүх төрлийн лавлагаа үйлчилгээ, өөрт хамаарах төрийн мэдээллийг авч, өөр байгууллагад хүргүүлж болдог. Үүнтэй адил “E-Business”-ээр хувийн хэвшлийнхэн бүх төрлийн лавлагаа мэдээллийг авах боломжтой.
Үүнээс гадна “E-Business” аппликэйшн руу ороод хайлтын хэсгээр нь компанийн ерөнхий мэдээллийг харж болно. Хайлтын хэсэгт компанийн регистрийн дугаараар, нэрээр, оюуны өмчөөр хайж харах нь нээлттэй. Тухайн компани хэдэн онд байгуулагдсан бэ, ямар хүн эзэмшдэг вэ, ямар тусгай зөвшөөрөл эзэмшдэг вэ гэдгийг харж болно гэсэн үг.
-Цаашид “E-Mongolia”, “E-Business” аппликэйшнд ямар сайжруулалт хийх вэ?
-Хувийн хэвшлүүд төрийн бүх байгууллага руу албан бичиг явуулахдаа заавал бичгээр хүргэх шаардлагагүй болно. Цахим гарын үсгээ ашиглаад аппликэйшнаараа шууд албан бичиг хүргүүлдэг болох юм. Одоо бол ААН-үүд албан бичгээ илгээдэг ERP гэдэг систем тусдаа ашигладаг байсан. Үүнийг “И-Монгол академи” Doc X буюу албан бичиг солилцооны систем хөгжүүлээд бүх платформыг холбож өгсөн. Өөрөөр хэлбэл, тусдаа байсан 13 системийг нэгтгэж өгөхөөр ажиллаж байна.
Саяхан хүүхдийн мөнгөний асуудал гарахад над дээр тийм ч машин, тийм ч газар, тэдэн ч хүүхэд гээд яригдсан даа. Тэр нь төрийн байгууллагуудад иргэний ерөнхий мэдээлэл зөрүүтэй байгааг илэрхийлж байна. Тиймээс “E-Mongolia” системийг сайжруулах хүрээнд аль төрийн байгууллага миний мэдээлэл байна вэ гэдгийг иргэн харах боломжтой. Тэгээд мэдээлэл нь зөрүүтэй байвал хороондоо хандаад засуулж болно. Цаашид энэ мэдээллээ аппликэйшнаасаа шинэчлэх хүсэлт гаргадаг болох юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: itoim.mn