E-Mongolia Academy

Оюутан цэргийн бүртгэл 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ

Оюутан цэргийн бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд “E-Mongolia” гар утасны аппликейшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний “Хурдан” төвийн оператораар дамжуулан хүлээн авна.

Өмнөх жилүүдэд зөвхөн нийслэл дэх, их дээд сургуулийн оюутнуудыг цахимаар бүртгэдэг байсан бол энэ удаад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг мөн цахимаар бүртгэхээр болсноороо онцлог юм.

Монгол улсын засгийн газрын 2017 оны 1 сарын 25-ний өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам-ын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстой.

Үүнд:

  • Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх;
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
  • 2024 оны 06 дугаар сарын 15-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагсад заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж, бүртгүүлэх юм.

Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү сургалтад өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 7000 гаруй оюутан, суралцагчийг хамруулж, цэргийн мэргэжил олгон I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!