Эстони улсын “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток 2022 оны 04 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч, ноён Л.Энх-Амгалан “Эстони улс нь цахим засаглалын хөгжлөөрөө тэргүүлэгч улс бөгөөд энэхүү сайн туршлагаа Монгол Улстай хуваалцаж байгаад талархаж байна. Эстони улсын сайн туршлагыг улс орондоо нэвтрүүлэх нь хөгжлийн чухал боломж. Үүнийг Монгол Улсын өндөр, дээд шатны түвшинд ойлгосны үндсэн дээр Эстони улсын олон чухал ололтыг Монгол Улсад нэвтрүүллээ. Мөн та бүхний сэтгэл харамгүй тусламж, зөвлөгөө, хамтын ажиллагааны үр дүнд бид төрийн мэдээлэл солилцооны системийг амжилттай хөгжүүлж чадсан. Энэ амжилт дээрээ тулгуурлан төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia” системийг хөгжүүлэн ашиглаад багагүй хугацаа өнгөрч байна. “E-Mongolia” систем өнөөдрийн байдлаар төрийн захиргааны төв байгууллагын 640 гаруй үйлчилгээг нэгтгэсэн. 2022 онд орон нутгийн үйлчилгээг “E-Mongolia” системд нэгтгэхээр ажиллаж байна” гэдгийг онцлов.
Харин Эстони улсын “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток Монгол Улсад гурван жилийн өмнө ирж, “E-Mongolia” системийн суурийг тавихад гар бие оролцож байсан талаар дурдсан. Түүнчлэн өнөөдөр “E-Mongolia” системээс төрийн 640 гаруй үйлчилгээг компьютер болон гар утаснаас авах боломжтой болсонд баяртай байна. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Харин одоо цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөсөн юм.
Мөн “Эстони улс нь төрийн бүхий л үйлчилгээг компьютероос авах боломжийг олгосон сайн туршлагатай. Гэхдээ Монгол Улс нь компьютероос гадна гар утаснаасаа төрийн үйлчилгээг авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж байгаа”-г онцолсон юм.
Айчлалын хүрээнд ноён Асток Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд болон “E-Mongolia” төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. “E-Mongolia” төв нь Төв шуудангийн 1 давхарт байрлаж байгаа бөгөөд тус төвөөр өдөрт 100 орчим хүн үйлчлүүлж, “E-Mongolia” системийг хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө авч байна. 2022 онд бүх аймгуудын нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулж байгаатай холбоотой аймаг бүр; нэгдсэн стандарттай “E-Mongolia” төв нээгдэж, тухайн төв нь орон нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм.
Түүнчлэн Эстони улсын “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток айчлалынхаа хүрээнд “Монголын эдийн засгийн чуулган–2022”-т оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засагт үзүүлж буй эерэг үр нөлөөний талаар төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй санал солилцох аж. Цаашид хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, салбарын хүний нөөц, төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, ре-инженеринг хийх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдал зэрэг дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна.