E-Mongolia платформд 0-16 насны хүүхэд нэвтрэх боломжтой боллоо. Тус платформын нэвтрэх нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдсэн. Тэрхүү цонхоор дамжин хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. Эцэг эхийнх нь аль нэг нь өөрийн бүртгэлээр E-Mongolia-д нэвтрэн тус QR кодыг уншуулан хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах юм.
Хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганцхан товчлуур ашиглан ээж аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх болж байна. Мөн цахим гадуурхал, гэмт хэргийн шинжтэй сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн ерөнхий газарт зургийн хамт мэдээлэл шууд илгээх шийдэл боловсруулсан.
Цахим орчны хүүхэд хамгаалал, яаралтай тусламж авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг заавар зөвлөгөө байршсан E-Kids цэсийг нэмэлтээр хөгжүүллээ. Гэнэтийн болзошгүй аюул учрахад яаралтай тусламжийн 102, 103, 108 утаснуудад шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэл илгээх боломжтой.
ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгыг Мобиком, Юнител, Стайтел, Жи-Мобайл, Ондо компаниуд дэмжиж хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулж E-Mongolia, E-Kids ашиглахад дата шаарддаггүй боллоо.