Цахим технологи, интернэт сүлжээ хурдацтай хөгжиж буй өнөө үед иргэд мэдээллийн технологийн боломжийг ашиглан өөрт шаардлагатай мэдээллээ тодорхойлох, олж авах, үнэлэх, хуваалцах, нэгтгэх, шинээр бүтээх замаар нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна.
Цахим үйлчилгээ, технологийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг сайжруулах нь чухал ач холбогдолтой асуудал болоод байна.
“И-Монгол академи” УТҮГ нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд нэн ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, тоон тэгш бус байдлыг бууруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2026.03.04/ “И-Монгол академи” УТҮГ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалт нь 3 долоо хоногийн хугацаанд нийт 60 цагийн багц хөтөлбөрөөр хэрэгжих бөгөөд онол, практик хосолсон агуулгатайгаар явагдана. Сургалтад хамрагдсан иргэд дараах ур чадваруудыг эзэмших боломжтой. Үүнд:
- Компьютер болон ухаалаг утас ашиглах, дэлгэц уншигч программтай ажиллах
- Цахим мэдээлэлтэй ажиллах, мэдээлэл боловсруулах, түгээх
- Цахим үйлчилгээ авах, нийгмийн сүлжээ болон харилцааны хэрэгсэл ашиглах
Энэхүү сургалт нь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих, цахим орчинд тэгш боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цахим ур чадварын сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.
Холбоо барих утас: 77111197-3



