Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч байна. Одоогийн байдлаар нийт 100,481 хүүхдийн хүсэлт илгээгдээд байна.
I шатны бүртгэл өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт хаагдах тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхнийг амжиж хүүхдээ бүртгүүлэхийг уриалж байна.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
- Иргэн та E-Mongolia систем рүүгээ нэвтэрсний дараа үйлчилгээ цэсээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэж хайна.
- Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан үйлчилгээ авах товч дээр дарснаар дэлгэц дээр таны хүүхдийн мэдээлэл гарч ирнэ.
- Мэдээлэлтэй сайтар танилцаж, гарч ирэх асуултад хариулснаар хүсэлт амжилттай илгээгдэх болно. Ингэхдээ иргэн та гарч ирэх анхааруулга мессеж бүрийг сайтар уншиж танилцана уу.
I шатны бүртгэлээс хоцорсон, мөн түр оршин суух хаягтай эцэг, эх, асран хамгаалагч нар II шатны бүртгэлд хүсэлтээ илгээх боломжтой. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-ны өдрөөс есдүгээр сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулагдах болно.
Хэрхэн хүүхдийнхээ хүсэлтийн хариу шалгах вэ?
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг 2026 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ. Мөн E-Mongolia системд нэвтэрч, “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээгээр дамжуулан мэдээллээ харах боломжтой.
Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia
