ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ API SERVICE-ИЙГ ХУВИЙН ХЭВШИЛД НЭЭЖ БАЙНА
Монгол Улс төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр иргэд төрийн үйлчилгээг гар утас, компьютерээсээ авах боломж бүрэн бүрдээд байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг хөгжүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэгтгэн хүргэснээр цахим засаглалын хөгжил шинэ шатанд гарч, төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртсон билээ.
Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” системээр дамжуулан 89 байгууллагын 1,269 төрлийн үйлчилгээг нийт 102 сая удаа үзүүлж, иргэдийн 27 сая ам.долларын шууд бус зардлыг хэмнэсэн үр дүн гарсан нь төрийн үйлчилгээний цахим шилжилт бодит үр өгөөжөө өгч байгааг харуулж байна.
Харин энэ удаад төрийн үйлчилгээг зөвхөн нэг платформд төвлөрүүлэхээс илүүтэйгээр иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон дижитал орчин руу нэвтрүүлэх дараагийн томоохон алхмыг хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, төрөөс хувийн хэвшлийн байгууллагуудтай API холболт хийж, иргэдийн хамгийн эрэлттэй төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтуудыг өргөн хэрэглээний аппликейшнүүдэд нэгтгэн нэвтрүүлээд байна.
Ингэснээр иргэд “E-Mongolia” системд тусад нь нэвтрэх шаардлагагүйгээр SocialPay, Toki, Ard, Skytel, GS25, CU, Orange Loyalty өдөр тутам ашигладаг аппликейшнүүдээсээ төрийн үйлчилгээг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Энэ нь төрийн үйлчилгээг иргэний хэрэглээнд илүү ойртуулж, үйлчилгээ авах үйл явцыг хялбаршуулсан хэрэглэгч төвтэй шинэ шийдэл болж байна.
Эхний ээлжид иргэдийн хамгийн их ашигладаг 15 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хувийн хэвшлийн платформуудад нэвтрүүлээд байна. Үүнд:
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт / иргэн /
- Жолоочийн лавлагаа мэдээлэл
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа
- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- 10.Төрсний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /гадаад/
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /гадаад/
- Төрсний бүртгэлийн лавлагаа /гадаад/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /гадаад/
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт зэрэг үйлчилгээ багтаж байна.
Энэхүү шинэчлэл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй жишээ болж байна. Төр мэдээллийн сан, үйлчилгээний дэд бүтцээ нээлттэй API хэлбэрээр ашиглуулах боломж бүрдүүлснээр хувийн хэвшил хэрэглэгчийн туршлагад суурилсан, хүртээмж өндөртэй үйлчилгээ хөгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд төрийн үйлчилгээ илүү хурдан, хялбар, хүртээмжтэй болохоос гадна иргэдийн цаг хугацаа, зардлыг бодитоор бууруулах ач холбогдолтой.
Цаашид төрийн үйлчилгээ зөвхөн төрийн платформ дээр төвлөрөх бус, иргэдийн өдөр тутам ашигладаг банк, финтек, худалдаа, харилцаа холбоо болон бусад дижитал экосистемүүдтэй улам нягт холбогдох хандлага эрчимжихээр байна. Энэ нь цахим засаглалыг хэрэглэгч төвтэй загварт шилжүүлэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмж, ашиглалтын давтамжийг нэмэгдүүлж, дижитал эдийн засгийн суурь орчныг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам болж байна.
Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ иргэнээ хүлээдэг бус, иргэний хэрэглээ дотор уусаж ажилладаг шинэ тогтолцоо Монгол Улсад бодитоор бүрэлдэж эхэлж байна.

“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ” ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ӨМНӨ АНХААРАХ САНАМЖ
Авто тээврийн салбарын үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрч байна. 2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 1.4 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 1,272,188 нь автомашин бөгөөд нийт тээврийн хэрэгслийн 89.7 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 6 орчим хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тээврийн хэрэгслийн хэрэглээ, хөдөлгөөн жил ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна.
Иргэн та “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг E-Mongolia системээр авахдаа дараах мэдээлэл, шаардлагыг анхаарна уу.
Үүнд:
- Худалдан авагч болон худалдагч талууд E-Mongolia системээр тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх үйлдлийг харилцан зөвшөөрсөн байх;
- Шилжүүлж буй тээврийн хэрэгсэл нь:
- Торгууль, татвар, зам ашигласны төлбөрийн өр төлбөргүй;
- Хязгаарлалт, битүүмжлэлгүй байх шаардлагатай;
- Худалдан авагч болон худалдагч иргэн нь:
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог иргэний тоон гарын үсэг /gSign/-тэй, gSign аппликэйшнийг гар утсандаа суулгаж, идэвхжүүлсэн байх;
- Шилжүүлэгч талаас хүсэлтийг амжилттай илгээсэн хугацаанаас эхлэн хүлээн авагч тал хүсэлтийг 24 цагийн дотор баталгаажуулах шаардлагатай. Хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд хүсэлт системээс автоматаар цуцлагдана;
- Үйлчилгээний төлбөр төлөх үйлдэл нь шилжүүлэгч тал өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрч буй эхний шатны баталгаажуулалт болдог. Харин талуудын тоон гарын үсгээр хүсэлтээ баталгаажуулах үйлдэл нь өмчлөгч өөрчлөгдөх эцсийн баталгаажуулалт болдог тул үйлчилгээний төлбөрийг урьдчилан төлсөн байна;
- Иймд үйлчилгээний хүсэлт эхлүүлэхээс өмнө талууд тоон гарын үсэг /gSign/-ээ урьдчилан авч, идэвхжүүлсэн байхыг анхаарна уу.
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг цахимжуулснаар өмчлөл шилжүүлэх үйл явц илүү хялбар, шуурхай болж байна. Өмнө нь иргэд олон байгууллагаар дамжин цаг хугацаа зарцуулдаг байсан бол өнөөдөр мэдээллийн сангийн уялдаа холбоо, цахим баталгаажуулалтад суурилан үйлчилгээг богино хугацаанд авах боломж бүрдээд байна.
Цаашид төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн интеграц сайжирснаар тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, торгууль, өмчлөлийн бүртгэл, даатгал зэрэг үйлчилгээ бүрэн цахим хэлбэрт шилжих суурь нөхцөл улам бүр бэхжиж, иргэн төвтэй, өгөгдөлд суурилсан төрийн үйлчилгээний шинэ тогтолцоо өргөжих хандлагатай байна.

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ, МТҮП-ИЙН АЛБА ХААГЧДАД “ОФФИСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ABC” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Орчин үеийн дижитал шилжилтийн салбарт ажиллаж буй алба хаагчдын хувьд дэлгэцийн өмнө олон цагаар сууж ажилласнаас шалтгаалан нуруу, хүзүү чилэх, булчин хөших, нүд аргах зэрэг эрүүл мэндийн нийтлэг асуудлууд тулгардаг.
Үүнтэй холбогдуулан “И-Монгол академи” УТҮГ-аас ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах болон ажлын байрны зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Энэхүү ажлын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян”-ыг эхлүүлж, “Оффисын эрүүл мэндийн ABC” сэдэвт сургалтыг өглөөний уулзалтаар амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг өглөөний уулзалт хэлбэрээр явуулсан нь алба хаагчдыг ажил эхлэхээс өмнө эерэг хандлагаар цэнэглэж, эрүүл мэндийн зөв дадлыг тухайн өдрийн ажилдаа шууд хэрэгжүүлэх боломжийг олгож буйгаараа өндөр ач холбогдолтой байв.
Тус сургалтыг Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн мэргэжилтэн А.Бямбахишиг удирдан явуулсан бөгөөд дараах үндсэн агуулгыг багтаасан “ABC” зарчмыг танилцууллаа. Үүнд:
- A (Activity – Хөдөлгөөн): Удаан хугацаагаар сууж ажиллахын сөрөг нөлөөг саармагжуулах, ажлын байрны богино хэмжээний дасгал, суниалтыг хэвшүүлэх;
- B (Body Posture – Биеийн байрлал): Ширээ, сандал болон компьютерын дэлгэцийг эргономикийн (хүний биеийн онцлогт тохирсон) дагуу зөв байрлуулах, нурууны зөв суултыг сурах;
- C (Care – Арчилгаа, урьдчилан сэргийлэлт): Компьютерын дэлгэцээс шалтгаалсан нүдний ядаргааг тайлах, шингэнийг зөв зохистой хэрэглэх болон ажлын байрны стрессийг удирдах арга зүй.
Сургалтын үеэр алба хаагчид өөрсдийн санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаж, тулгамддаг асуудлуудынхаа талаар мэргэжлийн зөвлөгөө авсан юм.
Алба хаагчид ажлын байрандаа дасгал хөдөлгөөнийг тогтмол хэвшүүлснээр мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болоод зогсохгүй, ажлын ядаргаа буурч, тархины үйл ажиллагаа сэргэснээр байгууллагын дунд хугацааны бүтээмж, ажлын чанарт эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

