Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт “И-Монгол академи” УТҮГ-ын ажлын хэсэг 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд ажиллав.
Томилолтын хугацаандаа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын оператор ажилтнуудад төрийн үйлчилгээний операторын системд (https://www.operator.e-mongolia.mn) эрх үүсгэж, тус системийг ашиглах сургалт орох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдэд цахим ур чадварын сургалт орох ажлыг зохион байгууллаа.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 32, “И-Монголиа” төвийн 5, “Монгол шуудан” ХК-ийн 2 оператор буюу нийт 39 ажилтанд лабораторийн сургалт орсон. Сургалтад систем хэрхэн ашиглах, төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гаар иргэн, ААН-д үйлчилгээ хэрхэн үзүүлэх, цахим хөгжлийн багц хуулийг хэрэглээнд нэвтрүүлэх болон ёс зүйн талаарх агуулгыг тус тус багтаалаа. Ингэснээр Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн иргэд орон нутгийн 1284, засгийн газрын яам агентлагийн 440 үйлчилгээг “ХУРДАН” цэгийн операторуудаар дамжуулан авах боломж бүрдэж байна.
Мөн аймгуудын Насан туршийн боловсролын төвтэй хамтран орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулав. Тус сургалтад 212 иргэн хамрагдаж мэдээллийн аюулгүй байдал, цахим иргэний чадамжийн тухай ерөнхий мэдээлэлтэй болсон. Түүнчлэн иргэд практикт суурилсан сургалтын үр дүнд E-Mongolia портал, тоон гарын үсгийн хэрэглээний талаарх ойлголтуудыг авлаа.
Онцолвол, Дархан-Уул аймгийн Дархан сум багууддаа “ХУРДАН” төвийг байгуулсан төдийгүй хүн амын нягтаршлаа харгалзан үзэж орон нутгийн хөрөнгөөр 10 оператор ажилтныг сурган ажиллуулж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Монгол Улсын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоол, 2020 оны 290 дүгээр тогтоол, 2021 оны 283 дугаар тогтоол, 2022 оны 499 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллалаа.