2,500 ГАРУЙ СУРАГЧДАД ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газар, “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хүүхэд, өсвөр үеийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн аяныг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.
Аян эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй оролцож, хамрах хүрээ болон нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл эрчимтэй тэлж байна. Энэхүү ажил нь нэг удаагийн арга хэмжээ бус, хүүхэд, залуусын хандлага, төлөвшилд урт хугацаанд бодит өөрчлөлт авчрах зорилготой цогц үйл ажиллагаа гэдгээрээ онцлог юм.
Аяны хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-аас нийслэлийн ерөнхий боловсролын 21, 31, 1, 84 дүгээр сургуулийн нийт 54 бүлгийн 2492 сурагчийг хамруулан, цахим орчин дахь дээрэлхэлт (cyberbullying)-ийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах мэдлэг, ойлголтыг олгох 40 цагийн багц сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр сурагчдад:
- Цахим дээрэлхэлтийн хэлбэр, илрэх шинж тэмдэг
- Сэтгэлзүйд үзүүлэх сөрөг нөлөө, урт хугацааны хор уршиг
- Өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв дадал, хандлага
- Хариуцлагатай цахим хэрэглээний соёл зэрэг бодит амьдралд шууд хэрэгжүүлэхүйц мэдлэг, ур чадварыг олгосноороо өндөр ач холбогдолтой байв.
Мөн уг үйл ажиллагаа нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжлийг дэмжихийн зэрэгцээ эцэг, эхийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим болон бодит орчин дахь эрсдэлийг бууруулах, үе тэнгийн дээрэлхэлтгүй, эерэг харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

“365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим шилжилт хурдацтай өрнөж, нийгэм, эдийн засгийн бүтэц үндсээрээ өөрчлөгдөж байна. Цахим технологийн хөгжил нь харилцаа холбоо, боловсрол, эдийн засгийн салбарт шинэ боломжуудыг бүрдүүлж, олон талын эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцэн цахим аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж, ялангуяа өсвөр үеийнхний дунд цахим дээрэлхэлт түгээмэл болж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд хийсэн судалгаагаар цахим орчинд дарамт, доромжлолд өртсөн хүүхдүүдийн бараг 50 орчим хувь нь уг асуудлыг хэнд ч мэдэгддэггүй бөгөөд энэ нь айдас, итгэлцлийн хомсдол, дэмжлэг авах сувгийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой болохыг онцолсон. Мөн олон улсын судалгаанууд цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэл буурах, нийгмээс тусгаарлагдах эрсдэл өндөр байдгийг харуулж байна.
Дээрх нөхцөл байдал нь урьдчилан сэргийлэх боловсрол, эрт илрүүлэлт, хариу арга хэмжээний тогтолцоог цогцоор нь бэхжүүлэх шаардлагатайг илтгэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага болон гэр бүлийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээг бий болгож байна.
Иймд хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд нэгдсэн чуулга уулзалтыг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.
Тус чуулга уулзалтад нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон холбогдох байгууллагуудын нийт 800 орчим төлөөлөл оролцох бөгөөд оролцогч талуудын хооронд туршлага солилцох, бодлогын санал, шийдлийг хэлэлцэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой.
Арга хэмжээний хүрээнд цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, сөрөг нөхцөл байдалд зөв, шуурхай хариу үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Түүнчлэн хүүхдийн эрх хамгаалал, хувийн мэдээллийн аюулгүй байдал, эцэг эх, сургууль, нийгмийн хамтын оролцоонд суурилсан урьдчилан сэргийлэх загваруудыг онцлон танилцуулна.
Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүний хөгжлийг дэмжих, аюулгүй, хариуцлагатай цахим орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ хүүхэд хамгааллын салбар дахь нотолгоонд суурилсан бодлого, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“365 – ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АЯНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг “И-Монгол академи” УТҮГ, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Амгалан айл” НҮТББ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон холбогдох байгууллагуудын 800 орчим төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д. Үүрийнтуяа, ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, ЦХИХХЯ-ны Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Нямдорж, ХГБХХ-ын ерөнхий газрын дарга, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярсайхан, 108 ХШТХТ-ын захирал Б.Отгонцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга А.Амарбат, “Рояаль Олон Улсын Их сургууль”- ийн Ректор, Доктор /PhD/, дэд профессорЧ.Сэлэнгэ, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Гүнзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож, цахим орчны эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, арга замын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.
Зөвлөгөөний үеэр цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зөв хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд өрнөж, хүүхдийн эрхийг хамгаалах, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаарх мэдлэг, ойлголтыг оролцогчдод хүргэлээ. Мөн цахим дээрэлхэлттэй тэмцэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, багш, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон нь онцлог байв.
Энэхүү зөвлөгөөн нь нотолгоонд суурилсан бодлого, хамтын ажиллагааг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх боловсролыг системтэйгээр түгээх, хүүхдэд ээлтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодит алхам боллоо. Түүнчлэн Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг оролцогчид онцоллоо.

