Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатанд 109,428 хүүхдийн цахим бүртгэлийг баталгаажуулж, хуваарилаад байна. 2025-2026 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн гэрээг цахимаар байгуулж эхэллээ. Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн E-Mongolia системээр дамжуулан хүүхдийнхээ “Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн”-г харах боломжтой бөгөөд цаг алдалгүй цахимаар гэрээгэээ байгуулаарай.
Гэрээг хэрхэн байгуулах вэ?
-Та E-Mongolia систем рүүгээ нэвтрэн ороод “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” гэж хайж тус үйлчилгээг сонгон орно.
-Ингэснээр таны цэцэрлэгийн насны хүүхдийн мэдээлэл гарч ирэх ба таны хүүхэд аль нэг цэцэрлэгт хуваарилагдсан бол төлөв хэсэгт ХУВААРИЛАГДСАН гэсэн бичиг гарч ирнэ.
-Хүүхдийн тань мэдээллээс гадна хуваарилагдсан цэцэрлэг нь харагдах бөгөөд та ГЭРЭЭ БАЙГУУЛАХ гэсэн цонхыг сонгож e-geree.mn системтэй холбогдон цахимаар гэрээгээ байгуулах боломжтой.
Нийслэлийн 300 гаруй цэцэрлэгийн 110’000 гэрээг цахимаар байгуулснаар 1.260.000 ширхэг цаас, 12.600.000 литр ус, 105 нас биед хүрсэн мод хэмнэж, байгаль орчноо хамгаалах ногоон шийдэл болж байгаа юм.
Эцэг эх, асран хамгаалагчид гэрээгээ цахимаар байгуулснаар түргэн шуурхай үйлчилгээ авч, түгжрэлд цаг алдахгүй хүүхдийнхээ гэрээтэй хүссэн үедээ танилцах зэрэг олон давуу талтай.
Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш нар цахимаар гэрээгээ баталгаажуулж, хадгалснаар дараах давуу талыг байгууллагадаа нэвтрүүлсэн “Ногоон цэцэрлэг” болж буй юм.
- 400,500 хүүхдийн 3-4 хуудас гэрээ нэг бүрийг 2-3 хувь хэвлэх, хувилах шаардлагагүй, хавтаслаж хадгалах бүр ч шаардлагагүй.
- Цахим системд суралцагчийнхаа гэрээг 1 товшилтоор хайж олох, баталгаажсан гэрээг татаж авах боломжтой.
- Багш, ажилчдынхаа хөдөлмөрийн гэрээ, яам, агентлагийн тушаал толилуулах, дүрэм журам зэрэг өдөр тутмын асар их бичиг цаасыг системд үүсгэж, илгээж, баталгаажуулах боломжтой.
- Цаасгүй цэцэрлэг, цахим хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагын эгнээнд шилжиж, байгаль орчинд ээлтэй хамт олон болох.
- Дараа дараагийн жилүүдэд 100 хувь цаасгүй, цахим хэрэглээг түгээж “Алсын хараа 2050”-ийн зорилтод хувь нэмрээ оруулсан түүчээлэгч байгууллага болох юм.