E-Mongolia Academy

Төрийн албаны зөвлөлийн 3 үйлчилгээг E-Mongolia системээс цахимаар авах боломжтой боллоо

Төрийн албан хаагчийн тоо нь Монгол Улсын нийт хүн амын 6.67 хувь, нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна. 2023 оны нэгдсэн тоон мэдээллээр 4239 байгууллага, 226496 албан хаагч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрийн албан хаагчийн тоо 1291 буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

“И-Монгол академи” УТҮГ нь Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн албан хаагчдад хэрэгцээ шаардлагатай дараах 3 үйлчилгээг цахимжууллаа.  

Үүнд:  

  1. Төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа (Тус лавлагаа нь нөөцөд бүртгэлгүй хүнд ч бүртгэлгүй байна гэсэн утгатайгаар лавлагаа хэлбэрээр харагдана.)  
  2. Төрийн албан хаагчийн цалингийн тухай тодорхойлолт  
  3. Төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолтуудыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-с авах боломжтой боллоо.  

Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт үйлчилгээний нэрийг оруулснаар тус үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.  

Төрийн албан хаагчдад зориулсан үйлчилгээ цахимжсанаар нэн шаардлагатай үйлчилгээгээ түргэн шуурхай авах, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр үйлчилгээгээ хялбараар авах боломжууд  бүрдэж байгаа юм.  

Цаашид төрийн албан хаагчдад нэн тэргүүний шаардлагатай үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!