2021 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх үйлсийг үндэсний хэмжээнд шинэ шатанд гаргасан билээ. Эдгээр бодлого, санаачилгын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог нэмэгдүүлж, ойн сан, ногоон байгууламжийг өргөжүүлэх ажлуудыг улс орон даяар эрчимтэй хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх уриалгын хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
“И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагдаж буй “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” мод тарих аянд нэгдэж, “Нэг ажилтан – Нэг мод” санаачилгыг хэрэгжүүлэн, нийт ажилчдынхаа тоогоор байгальд ээлтэй хөрөнгө оруулалт хийж, ногоон хөгжилд бодит хувь нэмэр орууллаа.
Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн дөрөвний нэг орчим хувийг ойн сан бүхий газар эзэлж байгаа бөгөөд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигтэй харьцуулахад хангалтгүй түвшинд байна. Харин Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө сүүлийн жилүүдэд улам эрчимжиж, агаарын дундаж температур сүүлийн 70-80 жилийн хугацаанд 2.2-2.4 хэмээр нэмэгдэн, дэлхийн дунджаас даруй 3 дахин хурдтай дулаарч байгааг судлаачид онцолж байна.
Нэг ширхэг мод хоногт дунджаар гурван хүн амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг ч эсрэгээрээ хаягдал болсон цаас ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хийг агаарт ялгаруулдаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг бид төдийлөн мэддэггүй.
Мод тарих нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, хотын хөгжлийн олон талын ашиг тустай, урт хугацааны хамгийн үр дүнтэй “ногоон хөрөнгө оруулалт” юм. Үүнд:s
- Нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулан агаарыг цэвэр байлгахад тусалдаг.
- Температурыг тогтворжуулж, хотын хэт халалтыг бууруулдаг.
- Салхи, усны элэгдлээс хамгаалж, газрын доройтлыг сааруулна.
- Ногоон бүсийг нэмэгдүүлж, цөлжилтийн тархалтыг бууруулдаг.
- Хөрсний чийгийг барьж, усны эргэлтийг дэмждэг.
- Хотын орчны дуу чимээ, тоосыг шингээж илүү тайван орчныг бүрдүүлдэг.
- Стресс бууруулж, сэтгэлзүйн тайван байдлыг дэмжинэ.
- Сүүдэр, гоо зүйн орчныг бий болгож, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлдэг.
- Шувуу, шавж зэрэг амьд биетийн амьдрах орчныг бүрдүүлдэг.
“Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг”
Мод тарьж ирээдүйдээ амьд өв үлдээцгээе…


