Бизнес эрхлэгчдэд зориулсан “E-Business” платформ 2023 онд хэрэглээнд нэвтэрснээс хойш бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд дижитал өөрчлөлт авчирсаар байна. Хуулийн этгээд үүсгэн байгуулах, зөвшөөрөл авах, сунгах, байгууллагын лавлагаа зэрэг 953 төрлийн үйлчилгээг нэг платформоос авах боломжийг бүрдүүлснээр одоогийн байдлаар 39,940 хэрэглэгч нийт 345,365 удаа цахимаар үйлчлүүлээд байна.
Тус систем нь бизнесийн орчны ил тод байдал, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний шинэ загварыг бий болгож, эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй.
Дээрх платформтой холбогдуулан “E-Business 2.0” бизнес эрхлэгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.17/ амжилттай болж өндөрлөлөө.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх замаар бизнес эрхлэгчдэд хүнд сурталгүй хүргэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг сайжруулах, “E-Business” системийн хөгжлийн дараагийн шатны зорилт, хэрэгжилтийг хэлэлцэж, бизнес эрхлэгчдийн санал, шийдэл, гарцыг тодорхойлоход оршиж байгаа юм.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), “И-Монгол академи” УТҮГ хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл оролцож, цахим үйлчилгээний дараагийн шатны зорилт, хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлж, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрээр хүргэх, экспорт, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг сайжруулах бодлогын шинэ алхмуудыг тодорхойлон санал солилцлоо. Цаашид “E-Business 2.0”-ийг бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээ болон системүүдийг нэгтгэсэн нэг цонх болгон хөгжүүлж, зөвхөн портал бус мобайл хувилбарыг гаргах, нэн хэрэгцээтэй шаардлагатай шинэ үйлчилгээ болон цахимжсан үйлчилгээнүүдийг дахин загварчлан сайжруулах, бусад төрийн системүүдтэй интеграци хийж бизнес эрхлэгчдэд зориулсан нэг цонх үүсгэх, нэгтгэсэн бизнесийн дижитал орчныг бүрдүүлэхээр зорьж байна.

