Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр тохиодог. Тус өдрийг угтан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж” судалгааны хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн бодит нөхцөл байдлыг нотолгоонд суурилсан судалгааны үндэслэлтэй гаргаж, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох зорилготой юм.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож, санал солилцсон. Мөн ЦХХХЯ-ны харьяа “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийн бодит нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, веб сайт, аппликэйшнуудын хүртээмж, цахим ур чадварын чиглэлээр панел хэлэлцүүлэгт оролцлоо.
Хэлэлцүүлгийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, нэр томъёоны чиглэлээр эрх зүйн орчин, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулахад зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.
Тус хэлэлцүүлгийг ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Шүхэр” бодлогын нэгдсэн зөвлөл, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.