Улсын Төсөвт Үйлдвэрийн газар
Мэдээ мэдээлэл

“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ” ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ӨМНӨ АНХААРАХ САНАМЖ
Авто тээврийн салбарын үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрч байна. 2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 1.4 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 1,272,188 нь автомашин бөгөөд нийт тээврийн хэрэгслийн 89.7 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 6 орчим хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тээврийн хэрэгслийн хэрэглээ, хөдөлгөөн жил ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна. Иргэн та “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг E-Mongolia системээр авахдаа дараах мэдээлэл, шаардлагыг анхаарна уу. Үүнд: Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг цахимжуулснаар өмчлөл шилжүүлэх үйл явц илүү хялбар, шуурхай болж байна. Өмнө нь иргэд олон байгууллагаар дамжин цаг хугацаа зарцуулдаг байсан бол өнөөдөр мэдээллийн сангийн уялдаа холбоо, цахим баталгаажуулалтад суурилан үйлчилгээг богино хугацаанд авах боломж бүрдээд байна. Цаашид төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн интеграц сайжирснаар тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, торгууль, өмчлөлийн бүртгэл, даатгал зэрэг үйлчилгээ бүрэн цахим хэлбэрт шилжих суурь нөхцөл улам бүр бэхжиж, иргэн төвтэй, өгөгдөлд суурилсан төрийн үйлчилгээний шинэ тогтолцоо өргөжих хандлагатай байна.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ API SERVICE-ИЙГ ХУВИЙН ХЭВШИЛД НЭЭЖ БАЙНА
Монгол Улс төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр иргэд төрийн үйлчилгээг гар утас, компьютерээсээ авах боломж бүрэн бүрдээд байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг хөгжүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэгтгэн хүргэснээр цахим засаглалын хөгжил шинэ шатанд гарч, төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртсон билээ. Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” системээр дамжуулан 89 байгууллагын 1,269 төрлийн үйлчилгээг нийт 102 сая удаа үзүүлж, иргэдийн 27 сая ам.долларын шууд бус зардлыг хэмнэсэн үр дүн гарсан нь төрийн үйлчилгээний цахим шилжилт бодит үр өгөөжөө өгч байгааг харуулж байна. Харин энэ удаад төрийн үйлчилгээг зөвхөн нэг платформд төвлөрүүлэхээс илүүтэйгээр иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон дижитал орчин руу нэвтрүүлэх дараагийн томоохон алхмыг хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, төрөөс хувийн хэвшлийн байгууллагуудтай API холболт хийж, иргэдийн хамгийн эрэлттэй төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтуудыг өргөн хэрэглээний аппликейшнүүдэд нэгтгэн нэвтрүүлээд байна. Ингэснээр иргэд “E-Mongolia” системд тусад нь нэвтрэх шаардлагагүйгээр SocialPay, Toki, Ard, Skytel, GS25, CU, Orange Loyalty өдөр тутам ашигладаг аппликейшнүүдээсээ төрийн үйлчилгээг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Энэ нь төрийн үйлчилгээг иргэний хэрэглээнд илүү ойртуулж, үйлчилгээ авах үйл явцыг хялбаршуулсан хэрэглэгч төвтэй шинэ шийдэл болж байна. Эхний ээлжид иргэдийн хамгийн их ашигладаг 15 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хувийн хэвшлийн платформуудад нэвтрүүлээд байна. Үүнд: Энэхүү шинэчлэл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй жишээ болж байна. Төр мэдээллийн сан, үйлчилгээний дэд бүтцээ нээлттэй API хэлбэрээр ашиглуулах боломж бүрдүүлснээр хувийн хэвшил хэрэглэгчийн туршлагад суурилсан, хүртээмж өндөртэй үйлчилгээ хөгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд төрийн үйлчилгээ илүү хурдан, хялбар, хүртээмжтэй болохоос гадна иргэдийн цаг хугацаа, зардлыг бодитоор бууруулах ач холбогдолтой. Цаашид төрийн үйлчилгээ зөвхөн төрийн платформ дээр төвлөрөх бус, иргэдийн өдөр тутам ашигладаг банк, финтек, худалдаа, харилцаа холбоо болон бусад дижитал экосистемүүдтэй улам нягт холбогдох хандлага эрчимжихээр байна. Энэ нь цахим засаглалыг хэрэглэгч төвтэй загварт шилжүүлэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмж, ашиглалтын давтамжийг нэмэгдүүлж, дижитал эдийн засгийн суурь орчныг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам болж байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ иргэнээ хүлээдэг бус, иргэний хэрэглээ дотор уусаж ажилладаг шинэ тогтолцоо Монгол Улсад бодитоор бүрэлдэж эхэлж байна.

“И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” мод тарих аянд нэгдлээ
2021 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх үйлсийг үндэсний хэмжээнд шинэ шатанд гаргасан билээ. Эдгээр бодлого, санаачилгын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог нэмэгдүүлж, ойн сан, ногоон байгууламжийг өргөжүүлэх ажлуудыг улс орон даяар эрчимтэй хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх уриалгын хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагдаж буй “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” мод тарих аянд нэгдэж, “Нэг ажилтан – Нэг мод” санаачилгыг хэрэгжүүлэн, нийт ажилчдынхаа тоогоор байгальд ээлтэй хөрөнгө оруулалт хийж, ногоон хөгжилд бодит хувь нэмэр орууллаа. Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн дөрөвний нэг орчим хувийг ойн сан бүхий газар эзэлж байгаа бөгөөд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигтэй харьцуулахад хангалтгүй түвшинд байна. Харин Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө сүүлийн жилүүдэд улам эрчимжиж, агаарын дундаж температур сүүлийн 70-80 жилийн хугацаанд 2.2-2.4 хэмээр нэмэгдэн, дэлхийн дунджаас даруй 3 дахин хурдтай дулаарч байгааг судлаачид онцолж байна. Нэг ширхэг мод хоногт дунджаар гурван хүн амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг ч эсрэгээрээ хаягдал болсон цаас ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хийг агаарт ялгаруулдаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг бид төдийлөн мэддэггүй. Мод тарих нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, хотын хөгжлийн олон талын ашиг тустай, урт хугацааны хамгийн үр дүнтэй “ногоон хөрөнгө оруулалт” юм. Үүнд:s “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” Мод тарьж ирээдүйдээ амьд өв үлдээцгээе…

“365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АЯНД 6,000 ГАРУЙ ХҮҮХЭД, СУРАГЧИД НЭГДЭЭД БАЙНА
Хүүхэд, өсвөр үеийг цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн аяныг нэг сарын хугацаанд улс орон даяар амжилттай хэрэгжүүллээ. Тус аяныг Цагдаагийн ерөнхий газар, “И-Монгол Академи” УТҮГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Бид дээрэлхэлтгүй нийгмийг бүтээж чадна” уриан дор зохион байгуулсан бөгөөд хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдал, зөв хэрэглээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм. Аяны хүрээнд “И-Монгол Академи” УТҮГ-аас ерөнхий боловсролын 10 сургуулийн нийт 5,779 сурагчийг хамруулан танхимын сургалт зохион байгуулжээ. Сургалтаар: “Цахим элч” бэлтгэх цахим сургалтад 800 сурагч хамрагдсан нь хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны зөв хэрэглээний эерэг нөлөөлөгч болгон төлөвшүүлэхэд чиглэсэн онцлог ажил боллоо. Ингэснээр тус аянд нийт 6,000 гаруй хүүхэд, сурагчид хамрагдаад байна. Энэхүү аян нь зөвхөн мэдээлэл түгээхээс гадна хүүхэд, залуусын хандлага, төлөвшилд урт хугацааны эерэг өөрчлөлт бий болгох зорилготой цогц нөлөөллийн ажил гэдгээрээ онцлог байв. Аяны хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, боловсролын салбар, эцэг эх, асран хамгаалагчид идэвхтэй оролцож, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлсэн юм. Мөн “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг тохиолдуулан Төрийн ордонд нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 800 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөллийг оролцууллаа. Зөвлөгөөний үеэр “Цахим орчинд хүүхэд хамгаалах тухай” хуулийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зорилготой судалгааг оролцогчдоос авч, хүүхэд хамгаалал, боловсрол, сэтгэл зүй, цахим аюулгүй байдлын чиглэлийн мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүнчлэн оролцогчдын санал, санаачилгыг нээлттэй хэлэлцэж, хүүхэд хамгааллын чиглэл дэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодит шийдэл, хамтын оролцооны талаар санал солилцсон байна. “И-Монгол Академи” УТҮГ нь төрийн цахим үйлчилгээ, цахим боловсролын чиглэлээр хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдлын талаарх мэдлэг, зөв хэрэглээний агуулгыг хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч ажилласан бөгөөд хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоонд суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлжээ. Өнөөдөр цахим орчин нь хүүхдийн боловсрол, хөгжилд өргөн боломж олгож байгаа хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь цахим дарамт, үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл зүйн эрсдэлийг нэмэгдүүлж буй тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоо нэн чухал хэвээр байна. Иймд “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян цаашид хүүхэд хамгаалал, цахим боловсрол, зөв хэрэглээний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр тогтвортой үргэлжилж, хүүхэд бүрийг аюулгүй, эерэг орчинд өсөж хөгжихөд чиглэсэн бодит үр дүн бүхий ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх юм.

“365 – ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АЯНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг “И-Монгол академи” УТҮГ, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Амгалан айл” НҮТББ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон холбогдох байгууллагуудын 800 орчим төлөөлөл оролцлоо. Арга хэмжээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д. Үүрийнтуяа, ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, ЦХИХХЯ-ны Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Нямдорж, ХГБХХ-ын ерөнхий газрын дарга, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярсайхан, 108 ХШТХТ-ын захирал Б.Отгонцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга А.Амарбат, “Рояаль Олон Улсын Их сургууль”- ийн Ректор, Доктор /PhD/, дэд профессорЧ.Сэлэнгэ, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Гүнзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож, цахим орчны эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, арга замын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө. Зөвлөгөөний үеэр цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зөв хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд өрнөж, хүүхдийн эрхийг хамгаалах, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаарх мэдлэг, ойлголтыг оролцогчдод хүргэлээ. Мөн цахим дээрэлхэлттэй тэмцэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, багш, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон нь онцлог байв. Энэхүү зөвлөгөөн нь нотолгоонд суурилсан бодлого, хамтын ажиллагааг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх боловсролыг системтэйгээр түгээх, хүүхдэд ээлтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодит алхам боллоо. Түүнчлэн Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг оролцогчид онцоллоо.

“365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим шилжилт хурдацтай өрнөж, нийгэм, эдийн засгийн бүтэц үндсээрээ өөрчлөгдөж байна. Цахим технологийн хөгжил нь харилцаа холбоо, боловсрол, эдийн засгийн салбарт шинэ боломжуудыг бүрдүүлж, олон талын эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцэн цахим аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж, ялангуяа өсвөр үеийнхний дунд цахим дээрэлхэлт түгээмэл болж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд хийсэн судалгаагаар цахим орчинд дарамт, доромжлолд өртсөн хүүхдүүдийн бараг 50 орчим хувь нь уг асуудлыг хэнд ч мэдэгддэггүй бөгөөд энэ нь айдас, итгэлцлийн хомсдол, дэмжлэг авах сувгийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой болохыг онцолсон. Мөн олон улсын судалгаанууд цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэл буурах, нийгмээс тусгаарлагдах эрсдэл өндөр байдгийг харуулж байна. Дээрх нөхцөл байдал нь урьдчилан сэргийлэх боловсрол, эрт илрүүлэлт, хариу арга хэмжээний тогтолцоог цогцоор нь бэхжүүлэх шаардлагатайг илтгэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага болон гэр бүлийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээг бий болгож байна. Иймд хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд нэгдсэн чуулга уулзалтыг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна. Тус чуулга уулзалтад нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон холбогдох байгууллагуудын нийт 800 орчим төлөөлөл оролцох бөгөөд оролцогч талуудын хооронд туршлага солилцох, бодлогын санал, шийдлийг хэлэлцэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой. Арга хэмжээний хүрээнд цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, сөрөг нөхцөл байдалд зөв, шуурхай хариу үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Түүнчлэн хүүхдийн эрх хамгаалал, хувийн мэдээллийн аюулгүй байдал, эцэг эх, сургууль, нийгмийн хамтын оролцоонд суурилсан урьдчилан сэргийлэх загваруудыг онцлон танилцуулна. Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүний хөгжлийг дэмжих, аюулгүй, хариуцлагатай цахим орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ хүүхэд хамгааллын салбар дахь нотолгоонд суурилсан бодлого, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хариуцаж ажилладаг системүүд