Улсын Төсөвт Үйлдвэрийн газар
Мэдээ мэдээлэл

E-BUSINESS 2.0 БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ
Монгол Улсад 2025 оны байдлаар 263 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн бөгөөд бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Гурван жилийн өмнө бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн нэгдсэн цахим платформ байгаагүй, үйлчилгээ олон системд тархсан, мэдээлэл хайх болон төрийн байгууллагуудтай харилцах үйл явц цаг хугацаа, зардал их шаарддаг байсан. Харин 2023 онд E-Business платформыг нэвтрүүлснээр бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн нэгдсэн орчин бүрдэж, бизнесийн үйл ажиллагаагаа цахимаар удирдах суурь нөхцөл бий болсон юм. Энэхүү хөгжлийн үргэлжлэл болгон 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр E-Business 2.0 системийн шинэчилсэн хувилбарыг албан ёсоор танилцууллаа. Шинэчлэлийн хүрээнд системийн хөгжүүлэлт, сайжруулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, workshop арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Эдгээр уулзалтаар бизнес эрхлэгчдээс ирүүлсэн санал хүсэлт, тулгамдсан асуудлуудыг судалж, системийн шинэчлэлд бодитоор тусган хэрэгжүүлсэн нь E-Business 2.0 хувилбарын онцлог юм. E-Business 2.0 нь бизнес эрхлэгчид болон хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, шуурхай хүргэхээс гадна бизнесийн үйл ажиллагааг бүрэн цахим орчинд удирдах боломжийг өргөжүүлж байна. Шинэ хувилбараар хуулийн этгээдийг цахимаар шинээр байгуулах, хуулийн этгээд орлогын түр данс нээх, байгууллагын мэдээлэл, цахим гэрчилгээ, зөвшөөрөл, татвар, үл хөдлөх хөрөнгийн мэдээллээ нэг дороос харах зэрэг бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай үндсэн үйлчилгээнүүдийг нэгдсэн орчинд төвлөрүүлэн хүргэж байна. Мөн аж ахуйн нэгжийн төртэй харилцах дансны гүйлгээний түүхээ хянах, төрийн үйлчилгээний төлбөрийг байгууллагын данснаас төлөх, 321 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар авах, ажил олгогч болон ажилтан хөдөлмөрийн гэрээгээ цахимаар байгуулахаас гадна 11 төрлийн гэрээний загварыг харах зэрэг бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Түүнчлэн аж ахуйн нэгж хооронд болон иргэн, аж ахуйн нэгжийн хооронд тээврийн хэрэгслийг цахимаар шилжүүлэх үйлчилгээ нэвтэрч, нотариатаар баталгаажсан итгэмжлэлийн үндсэн дээр үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн. Харин хиймэл оюунд суурилсан AI Agent туслах нь хэрэглэгчдэд шаардлагатай үйлчилгээ, мэдээллээ илүү хурдан олох, зөвлөгөө авах боломжийг олгож байна. E-Business 2.0 хувилбарт олон улсын WCAG хүртээмжийн стандартыг нэвтрүүлснээр сул хараатай хэрэглэгчид үсгийн хэмжээ, өнгө, фонтыг өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглах боломжтой болсон. Мөн оператортой аудио дуудлага хийх, дохионы хэлмэрчтэй видео дуудлагаар холбогдох, санал хүсэлт илгээх, 11-11 төвд өргөдөл, гомдол гаргах, мэдэгдэл хүлээн авах зэрэг хэрэглэгч төвтэй шийдлүүдийг шинээр нэвтрүүллээ. Үүнээс гадна зөвшөөрөл, татвар, гааль, газар, цахим гэрээ зэрэг төр болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай системүүд рүү нэг цонхоор шууд хандах боломж бүрдсэн нь бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлж байна. E-Business 2.0 нь төр, бизнесийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг нэг цонхоор, цахимаар, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна. Шинэчилсэн хувилбар нь бизнес байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа удирдах, өргөжүүлэх хүртэлх бизнесийн амьдралын мөчлөгийг бүхэлд нь дэмжих цогц платформ болон хөгжлөө. Цаашид E-Business платформ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл болон орон нутгийн бизнес эрхлэгчдэд ижил түвшний боломжийг хүргэхэд чухал хувь нэмэр оруулах юм. “И-Монгол академи” УТҮГ нь бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ үйлчилгээ, технологийн шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хэрэглэгч төвтэй болгох чиглэлд үргэлжлүүлэн ажиллана.

E-MONGOLIA СИСТЕМД ШШГЕГ-ЫН ТУСГАЙ АРХИВЫН ЭРЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ЦАХИМЖУУЛЛАА
“И-Монгол академи” УТҮГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, иргэн төвтэй цахим үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай архивын эрэлттэй хоёр үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлж, иргэд цахимаар авах боломжтой боллоо. Үүнд: Иргэн та E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтэрч, үйлчилгээ хайх хэсгээс шаардлагатай үйлчилгээг сонгон хүсэлтээ илгээх боломжтой. Хүсэлт гаргахдаа байгууллагын нэр, эрхэлж байсан албан тушаал, цол, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдөр зэрэг мэдээллийг үнэн зөв бөглөнө. Мөн ажилласан хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа эсвэл нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргах шаардлагатай бөгөөд ажилласан жилийн лавлагааг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ. Харин “Тусгай архив – Тодорхойлолт, тушаалын хуулбар” үйлчилгээний хувьд хүсэлт баталгаажсаны дараа төлбөрийн нэхэмжлэл иргэнд илгээгдэх бөгөөд төлбөр төлөгдсөний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай архиваас үйлчилгээний үр дүнг хэрэглэгчид хүргэнэ. Төрийн үйлчилгээг цахимаар авч, цаг хугацаа, зардлаа хэмнээрэй.

ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” ҮЙЛЧИЛГЭЭ E-MONGOLIA-Д НЭВТЭРЛЭЭ
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй осол, аюул, эрсдэлийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх зорилгоор E-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” шинэ үйлчилгээ нэвтэрлээ. Энэхүү үйлчилгээ нь иргэдэд өөрийн болон бусдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал, газар, объект, дэд бүтэц болон орчны талаарх мэдээллийг цахимаар шуурхай илгээх боломжийг бүрдүүлж байна. Иргэдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн холбогдох байгууллагууд эрсдэлийг үнэлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд энэ нь осол, аюул, эрсдэлээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. “Эрсдэл мэдэгдэх” үйлчилгээг ашиглахын тулд иргэн E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, нүүр хуудсанд байрлах онцлох баннераас “Эрсдэл мэдэгдэх” картыг сонгон орно. Үүний дараа хүсэлтийн төрөл болон шаардлагатай мэдээллүүд болох овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа үнэн зөв бөглөж, эрсдэлтэй нөхцөл байдлыг нотлох зураг болон холбогдох файлыг хавсаргана. Мэдээллээ нягталж шалгасны дараа “Илгээх” товчийг дарснаар хүсэлт амжилттай илгээгдэх бөгөөд таны мэдээллийг хүлээн авсан болон шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг E-Mongolia системээр дамжуулан хүргэх юм. Мөн энэхүү үйлчилгээ нь төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэдээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэн боловсруулах замаар эрсдэлийн зураглал бий болгох, бодлого төлөвлөлтөд шаардлагатай өгөгдлийг бүрдүүлэх, шийдвэр гаргалтыг мэдээлэлд суурилсан байдлаар дэмжих ач холбогдолтой. Ингэснээр эрсдэлийг зөвхөн гарсан хойно нь шийдвэрлэх бус, урьдчилан тооцоолж бууруулах нөхцөл бүрдэх юм. Иргэн бүрийн мэдээлэл, оролцоо нь аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болдог. Иймд та өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө эрсдэлтэй нөхцөл байдлыг E-Mongolia системээр дамжуулан цаг алдалгүй мэдээлж, аюулгүй орчныг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.

2026 ОНЫ 5-Р САРД 1,984 ИРГЭН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦАХИМ УР ЧАДВАРЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалтын хэлтэс 2026 оны 5 дугаар сард танхим болон цахим хосолсон хэлбэрээр нийт 112 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1,984 иргэн, төрийн албан хаагчийг цахим ур чадварын сургалтад хамрууллаа. Нийт оролцогчдын: Сургалтын хүрээнд оролцогчдын цахим орчин дахь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онол, практик хосолсон сургалт, зөвлөгөөг дараах сэдвүүдээр хүргэлээ. Үүнд: Тус сургалтууд нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын дижитал чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. “И-Монгол академи” УТҮГ нь цаашид иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, цахим шилжилтийг дэмжих сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулах юм. Цахим ур чадварын сургалтад байгууллага, хамт олноороо хамрагдахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу. ☎️ Утас: 77111197-3 📧 И-мэйл: digitalskill@ema.gov.mn

ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЦАХИМААР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ
Иргэд Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр авах болон ангилал нэмэх хүсэлтээ E-Mongolia системээр дамжуулан цахимаар гаргах боломжтой боллоо. Жолооч бэлтгэх сургалтын байгууллагад суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын шалгалтад амжилттай тэнцсэн иргэд олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ цахимаар захиалан, үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Үйлчилгээг авахын тулд иргэн E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Үйлчилгээнүүд” хэсгээс “Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” үйлчилгээг сонгон шаардлагатай мэдээллээ бөглөн хүсэлтээ илгээнэ. Мөн үйлчилгээний төлбөрөө цахимаар төлж, үнэмлэхээ “биечлэн авах” эсвэл “хүргүүлэх” сонголтоор авах боломжтой. Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 1, 2, 3 жилийн хугацаатайгаар олгодог бөгөөд сонгосон хугацаанаас хамааран үйлчилгээний төлбөр харилцан адилгүй байна. Хэрэв иргэн цахимаар захиалга хийх боломжгүй тохиолдолд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад хандан шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж, олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ захиалах боломжтой юм.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРАА E-MONGOLIA СИСТЕМЭЭР ТӨЛӨӨРЭЙ
Хуулийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяа татварын албанд төлөх үүрэгтэй байдаг. 2026 оны 05 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 718,000 тээврийн хэрэгслээс 228,710 нь татвараа төлөөд байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 31.9 хувь буюу 3 тээврийн хэрэгсэл тутмын 1 нь татвараа төлсөн үзүүлэлттэй байна. Татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах боломжтойг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Иргэд E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Үйлчилгээнүүд” хэсгээс “Татвар төлөх” үйлчилгээг сонгон тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаад татвараа цахимаар төлөх боломжтой. Хуулийн этгээд болон иргэдийн татвар төлөх хугацаа өөр байдаг бөгөөд: Мөн 06 дугаар сарын 01-нээс хойш импортоор орж ирсэн автомашины татварыг тухайн жилийн үлдсэн хугацаанд ногдох хэмжээгээр тооцдог байна. Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийг E-Mongolia системээр татвараа хугацаанд нь төлж, төрийн үйлчилгээг цахимаар авч, цаг заваа хэмнэхийг уриалж байна
Хариуцаж ажилладаг системүүд