Техник, технологийн хурдацтай хөгжил нь иргэдийн өдөр тутмын амьдрал, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгий нөлөө үзүүлж, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч иргэдийн цахим ур чадварын ялгаа, дижитал төхөөрөмжийн хүртээмж, орчны болон бие махбодын онцлог зэргээс шалтгаалан дижитал хуваагдал буюу цахим хүртээмжийн тэгш бус байдал үүсэх бодит эрсдэл байсаар байгаа нь нийгмийн тэгш оролцоог хангах, хүний эрхийг хамгаалах бодлогын чухал асуудал болоод байна.
Энэхүү асуудлын хүрээнд Улсын их хурлын гишүүд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа байгууллагууд “Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын цахим хүртээмж” хамтарсан уулзалтыг өнөөдөр /2026.01.21/ зохион байгууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал М.Баттулга, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын Цахим ур чадварын хэлтсийн дарга Н.Алтансувд, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг болон холбогдох албан хаагчид оролцож салбарын өнөөгийн байдал, бодлого, хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын зорилго, хэрэгжилтийн явцыг цогцоор нь авч үзэж, төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй, иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх, нийтийн мэдээллийн дэд бүтцийг сайжруулах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, кибер аюулгүй байдлыг хангах, өгөгдөл солилцоог сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх зэрэг үндсэн чиглэлүүдийг онцлон хэлэлцэв. Монгол Улс “цахим үндэстэн” болох стратегийн зорилгын хүрээнд цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж, хүртээмж, чанарыг бодитоор сайжруулахыг зорьж буйг талууд онцоллоо.
Цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “И-Монгол академи УТҮГ” нь E-Mongolia системд олон улсын WCAG стандартын шаардлагыг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Үүний хүрээнд 2025 оноос эхлэн дохионы хэлмэрч операторын үйлчилгээг нэвтрүүлснээр сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн цахим үйлчилгээ, мэдээллийг саадгүй, шууд авах боломж бүрдсэн байна. Мөн хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоо болох дэлгэц томруулах, өнгөний ялгарал өөрчлөх, уншигч программын шийдлүүдийг нэвтрүүлж, хэл ярианы бэрхшээлтэй иргэд дүрст дуудлагаар зөвлөгөө авах нөхцөлийг бүрдүүлснээр цахим үйлчилгээний хүртээмжийг бодитоор сайжруулжээ.
Түүнчлэн тус байгууллагын Сургалтын хэлтсээс тусгай хэрэгцээт иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 687 иргэнийг хамруулаад байгаа нь цахим шилжилтэд тэгш оролцоог хангах, иргэн төвтэй үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэлээ.
Цаашид цахим хүртээмжийг системтэйгээр сайжруулах зорилгоор салбар байгууллагууд хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж, бодлогын түвшинд илүү уялдаа холбоотой ажиллах, олон улсын сайн туршлагыг судлах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар болов.
Энэхүү ажил нь Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүн ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагаатай уялдаж байгаагаараа онцлог юм.


