E-Mongolia 5.0 – Ухаалаг хэтэвчтэй боллоо
E-Mongolia аппликэйшн шинэчлэгдэж 5.0 хувилбар саяхан гарсан. Энэ удаад хамгийн гоё шинэ боломж нь “Ухаалаг хэтэвч” юм.
Тэгвэл ухаалаг хэтэвч гэж юу вэ?
Энэ нь төрийн үйлчилгээ болон өдөр тутмын зарим төлбөрөө E-Mongolia апп-аар шууд төлөх боломжтой цэс.
Жишээ нь: Байрны СӨХ-ийн төлбөр, Цахилгаан, дулааны төлбөр гэх мэт төлбөрүүдээ нэг дороос төлнө.
Төлбөрөө төлсний дараа ибаримт (татварын баримт) шууд гарч ирэх бөгөөд энэ нь автоматаар татварын системд бүртгэгддэг тул дахиж ибаримт руу давхар бүртгүүлэх шаардлагагүй. Та өөрийн хэрэглэдэг банкны картаа E-Mongolia дээр холбож болно. Ингэснээр картаасаа шууд төрийн үйлчилгээний төлбөрүүдээ хийх боломжтой. Одоогоор Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны картууд холбогдож байгаа. Удахгүй бусад банкнууд ч нэмэгдэнэ.

Шинэ үйлчилгээ: E-Mongolia-аас Апостиль гэрчилгээ авах боломжтой боллоо
E-Mongolia-гаас авдаг 12 төрлийн лавлагаа,тодорхойлолтод апостиль гэрчилгээг цахимаар авдаг боллоо.
Апостиль гэрчилгээ гэж юу вэ?
Монгол Улсаас авсан баримт бичгийг (төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, жолоочийн лавлагаа гэх мэт) гадаадын улсад ашиглахын тулд албан ёсоор баталгаажуулдаг гэрчилгээ юм. Энэ нь олон улсын Апостиль конвенцийн 125 оронд хүчинтэй. Өөрөөр хэлбэл, апостиль авчихвал тухайн баримтыг дахин орчуулж, нотариатаар батлуулж, элчин дээр очиж цаг алдах шаардлагагүй.
Яагаад хэрэгтэй вэ?
Өмнө нь апостиль авахын тулд Консулын газарт очиж олон бичиг цаас бүрдүүлдэг байсан. Харин одоо хаанаас ч, хэзээ ч E-Mongolia-гаас хүсэлтээ илгээх боломжтой боллоо.

“E-Mongolia 5.0” – Иргэдэд зориулсан ухаалаг хөтөчтэй боллоо
Төрийн үйлчилгээ авахдаа иргэд ихэвчлэн олон асуулттай тулгардаг. Жишээлбэл, тухайн үйлчилгээг авахын тулд яг ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ, хаана очиж хандах ёстой вэ, ямар шат дамжлагатай вэ, эсвэл уг үйлчилгээг тухайн үедээ авч болох уу зэрэг эргэлзээ гардаг. Энэ бүх мэдээлэл тодорхой бус байснаас болж иргэд заримдаа буруу үйлчилгээ сонгож, дахин цаг зарцуулан очих, эсвэл шаардлагатай баримт бичгээ дутуу бүрдүүлсэн байх зэрэг хүндрэлүүд гардаг.
Иймээс “E-Mongolia 5.0” шинэ хувилбарын хамгийн онцлох шинэчлэлийн нэг бол “Ухаалаг хөтөч” цэс юм. Энэхүү хөтөч нь иргэн ямар төрийн үйлчилгээ авах гэж байгаагаа сонгоход автоматаар шаардлагатай мэдээллийг харуулж, шат дараатай зөвлөмж өгдөг.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсээр байна
2025.09.22-09.26 өдрүүдэд “И-Монгол aкадеми” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс нь:
• Өмнөговь аймгийн Ноён сумын оюутан, залуучууд
• Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран нийт 2 удаагийн 4 цагийн сургалтыг 35 төрийн албан хаагч, 40 иргэнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх, Мэдээллийн аюулгүй байдал, E-Mongolia системийн ашиглалт” гэсэн агуулгуудаар танхимын сургалтуудыг зохион байгууллаа.

E-Mongolia-гийн 12 төрлийн лавлагаа 5 хэл дээр гардаг боллоо
Өмнө нь E-Mongolia-гаас лавлагаа, тодорхойлолт зөвхөн англи хэл дээр гардаг байсан бол одоо орос, франц, хятад, солонгос, англи гэсэн 5 хэлээр авах боломжтой боллоо.
Ямар лавлагаа, тодорхойлолт 5 хэл дээр гарах вэ?
-Төрсний бүртгэлийн лавлагаа;
– Иргэний үнэмлэхийн лавлагаа;
– Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
– Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
– Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
– Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
– Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
– Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
– Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
– Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
– Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
– Дархлаажуулалтын гэх мэт…
Энэ нь ямар хэрэгтэй вэ?
- Хэрэв та гадаадад сургуульд элсэн суралцах, ажилд орох, эсвэл виз мэдүүлэхэд өмнө нь орчуулга хийлгэх шаардлагатай байсан бол одоо шууд E-Mongolia-аас олон хэл дээр өөрт хэрэгтэй лавлагаа,тодорхойлолтоо олон хэл дээр авч ашиглах боломжтой.