E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо
E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр 17 настай Цогтбаярын Эгшиглэн тодорлоо. Ц.Эгшиглэн нь “Наран” ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бөгөөд гадаад улсад их, дээд боловсрол эзэмших зорилготойгоор элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй аж. Тэрбээр 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр E-Mongolia аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгэлээ шинээр үүсгэн, анхны авсан үйлчилгээ нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт” байжээ.

Газартай холбоотой 11 төрлийн үйлчилгээг E-Mongolia системээс авах боломжтой
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд 2025 онд нийт 8348 иргэнд 926.38 га газрыг өмчлүүлэхээр тогтоосон байна. Ингэснээр тус тогтоолоор батлагдсан байршил бүхий аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэд газар өмчилж авах боломж бүрдэж байна.
Иргэд E-Mongolia системээр дамжуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үзүүлдэг 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.

“Girls in ICT 2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улс “Girls in ICT” буюу “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь охидын оролцоо”-ны өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) энэхүү өдрийг 2011 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий нийтээрээ мэдээллийн технологийн салбар дахь охид, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийг уриалсаар ирсэн.
2025 оны “Girls in ICT” өдөрт зориулсан арга хэмжээ /2025.04.30/ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн Сан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 150 гаруй охид оролцсон юм.

Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай
2020 оноос өмнө иргэд “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт”-ыг авахын тулд биечлэн очих шаардлагатай байсан бөгөөд дунджаар 180 минут зарцуулдаг байсан. Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан уг тодорхойлолт, лавлагааг ердөө 10 секундэд, хаанаас ч цахимаар авах боломжтой болсон нь иргэдийн цаг хугацаа, гарч болох зардлыг хэмнэж байгаа юм.
Иргэдийн хувьд ажилд орох, гадаад улс руу суралцах, цаашлаад албан ёсны баримт бичиг бүрдүүлэх зэрэг олон тохиолдлуудад иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолтыг шаарддаг.

Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 50703 ширхэг галт зэвсэг бүртгэлтэй байна гэсэн тоон мэдээлэл гарчээ.
Өмнө нь галт зэвсэг худалдан авахтай холбоотой үйлчилгээ авахын тулд иргэд дараах олон төрлийн бичиг баримтыг биетээр бүрдүүлж, Цагдаагийн байгууллагад авч очих шаардлагатай байсан. Үүнд: Хүсэлт, Оршин суугаа хаягийн тодорхойлолт,Иргэний үнэмлэхийн хуулбар, Чээж зураг, Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтод шаардагдах мөнгөн шилжүүлгийн баримт гэх мэт.
Харин одоо доорх Цагдаагийн байгууллагаас үзүүлдэг галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой нийт 14 төрлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллага E-Mongolia, E-Business системээс цахимаар авах боломж бүрдсэн бөгөөд зарим нь шууд, зарим нь хоёр шатлалт хэлбэрээр явагдаж байна.

“И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын Сургалтын хэлтсээс энэ долоо хоногт иргэд олон нийт, ахмад настан руу чиглэсэн сургалтыг зохион байгуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн Насан туршийн суралцахуйн төв, Сүүн эрчис төрийн бус байгууллагын 44 ахмад настан, Баянгол дүүргийн согтууруулах ундаагаар үйлчилдэг 86 иргэн,аж ахуй нэгжүүдэд Е-Mongolia системийг хэрхэн хэрэглэх талаар мөн бусад сэдвийн хүрээнд практикт суурилсан сургалтуудыг зохион байгууллаа.
