Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр хүлээн авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1846 оюутан хүсэлтээ илгээсэн байна. Оюутан цэргийн бүртгэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд иргэн та E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтой.
Бүртгүүлэхийн тулд E-Mongolia системд нэвтэрсний дараа “Үйлчилгээ” цэсээс “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” гэж хайж, үйлчилгээ авах товчийг дарна. Шалгуурт нийцсэн тохиолдолд “Үр дүн” цонхонд амжилттай хүлээн авсан талаарх мэдэгдэл харагдах бөгөөд хүсэлтийн явцыг “Мэдэгдэл” хэсгээс хянах боломжтой.
Хөтөлбөрт хамрагдах шаардлага:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх;
- 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн шинэчилсэн журмын дагуу цэргийн мэргэжил олгох энэхүү сургалтыг богино хугацаанд, эрчимжүүлсэн хэлбэрээр зохион байгуулдаг. Сургалтын явцад оюутнууд цэргийн албаны дадлага, сахилга бат, дүрэм журмыг хэвшүүлэн, харилцааны соёл, ёс зүйг эзэмших юм.
Сургалтын зохион байгуулалт:
- Цэргийн ерөнхий бэлтгэл сургалт: 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний хооронд хичээл сургуулийн бусад цагаар (хагас, бүтэн сайн өдөр) зохион байгуулагдана.
- Цэргийн мэргэжлийн шатны сургалт: 2025 оны 06 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 15-ны хооронд ҮБХИС болон цэргийн анги, салбарын хээрийн сургалтын төвүүдэд явагдана.
Оюутан залуусыг энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож, цэргийн мэргэжил эзэмших боломжоо ашиглахыг уриалж байна.