Чингис хааны эш хөргийг E-Mongolia системээс татах боломжтой

2022-11-24

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас татаж авах боломжтой боллоо. Тухайлбал, 1278 онд Хубилай хааны даалгаснаар монгол зураач Хорихасуны зурсан Чингис хааны хөргийг өндөр нягтаршилтайгаар системд байршуулсан юм. 

Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159-р зарлиг гаргасан. 

Зарлигт: 

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Монгол төр эрхэмлэн дээдэлж Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай хэмээн тусгасан.

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг татах бол link дарна уу!

Thank you for your attention!