The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations
Цахим хөгжил, харилцаа холбооны яам энэ онд бүх аймгийг цахимжуулах ажлыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи”, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Юнител групп, Жи-мобайл зэрэг байгууллагын удирдлагын баг энэ амралтын өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа.
Баянхонгор аймаг нь 2013 онд “Цахим архив – Баянхонгор” хөтөлбөрийг баталж, өнөөдрийг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагааны баримтыг цахим хэлбэрт шилжүүлэн хадгалж, улсдаа “Цахим архив”-аар тэргүүлэх аймаг болжээ. Мөн төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаа албан бичиг солилцоог цахимжуулахын зэрэгцээ “Ухаалаг Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд айл өрхийн цахилгаан тоолуурын систем болон гэр хорооллын усан сангуудыг бүрэн ухаалаг системд шилжүүлээд байна. Тус аймаг нь 2016 онд төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж, 6 байгууллагын 198 үйлчилгээг нэг цонхноос авах боломжийг бүрдүүлжээ. Мөн Баянхонгор аймгийн 20 сумд “E-Mongolia” системийн операторууд ажиллаж төрийн 56 тодорхойлолт, лавлагааг иргэдэд гарган өгч үйлчилж байна. Үүний зэрэгцээ, “И-Монгол академи”-ийн багтай хамтран аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын олон шатлалт 31 үйлчилгээг цахимжуулж, “E-Mongolia” системээс авах боломжийг бүрдүүлжээ.
Энэ хүрээнд ухаалаг гар утсаараа төрлийн үйлчилгээг хэрхэн авч болохоос эхлээд тоон гарын үсгийн хэрэглээ, ач холбогдол, цахим боловсролын талаар нутгийн иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх зорилготой “Дижитал Баянхонгор” өдөрлөг Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн. Тэрээр Монгол Улс “Цахим үндэстэн” болох зорилгын хүрээнд хэрэглээнд нэвтрүүлсэн D-Parliament аппликэйшний талаар танилцуулж, хууль тогтоох үйл хэрэгт эрхийнхээ дагуу оролцоогоо хангахыг уриалсан. Мэдээллийн технологийн дэвшил бүхий л салбарт хөгжлийн хурдасгуур болсон тул Монгол орны хаанаас ч иргэн танд зориулсан бүх төрлийн боломж, үйлчилгээг ухаалгаар ашигладаг болоход цахим боловсролыг түгээх, эзэмших нь хамгийн чухал гэдгийг онцлов.
Мөн өдөрлөгийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим үндэстэн” дунд хугацааны бодлогын баримт бичгийн талаар нутгийн захиргааны албан хаагчид болон иргэд, олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын хувьд “Цахим Үндэстэн” болох зорилгыг дэвшүүлж буй. Гэхдээ энэ бол зөвхөн төрөөс баримталж буй бодлого биш монгол залуучуудын нэгдсэн мөрөөдөл, зорилго гэж бид харж байгаа. Тиймээс “Цахим Үндэстэн” хэмээх стратегийн бодлогын баримт бичгийг баталсан. Бид мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цомхон чадварлаг төрийг бэхжүүлж, өрсөлдөх чадвартай бүтээлч иргэд, дижитал эдийн засгийг цогцлон хөгжүүлж, монголчуудын амьдралын чанарыг дээшлүүлэхээр ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, кибер аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэй, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур зэрэг зургаан зорилтыг тавьсан.” талаар дурдсан юм.
Мөн тэрбээр мэдээллийн технологи гэдэг нэг салбар, нэг хот эсвэл гадаад улсын асуудал байхаа больчихсон. Мэдээллийн технологи бүх улс үндэстний хөгжлийн хурдасгуур болчихсон гэдгийг онцолсон юм. Иймд цахим шилжилтийг амжилттай хийхэд иргэдийн оролцоо чухал гэдгийн онцолж байв.
Харин ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Цахим аймаг” концепцийг баянхонгорчуудад танилцууллаа.
Тэрээр “Аймгууд өөрсдийн онцлогт тулгуурлан цахим шилжилтийг хийх бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас аймаг бүрт мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий хүнийг бий болгоно. Тухай албан тушаалтан нь аймгаа цахимжуулах асуудал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах юм.
Баянхонгор аймаг нь цаашид мэдээллийн технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах, төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, “Цахим аймаг” хөтөлбөрийг боловсруулан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар ажиллаж байгаа аж.
Цахим жишиг аймаг болох зорилттой Баянхонгор аймгийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, банк санхүү, үүрэн холбооны операторууд зэрэг нийт 46 байгууллага өдөрлөгийн үеэр иргэдэд мэдээлэл, заавар өгч, шуурхай үйлчилж ажиллалаа.