Монгол Улсын Их хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5 өдөр анх удаа “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” юм.
Засгийн газрын /2025.09.17/ өдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гарч, “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам”, “Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус баталсан.
Ингэснээр виртуал бүсийн журам албан ёсоор хэрэгжиж эхэлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгжүүдийг E-Business системээр дамжуулан виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг хүлээн авч эхэллээ.
Виртуал бүсэд бүртгүүлснээр дараах дэмжлэгүүдийг авах боломжтой
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тус бүсэд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас хөнгөлүүлэх;
- Хуулийн этгээдэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгосон аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлэх.
Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд тусгасан дараах 9 төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгоно. Үүнд:
- Патентжуулах зардалд грант олгох;
- Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
- Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох;
- Патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
- Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг олгох;
- Зээлийн батлан даалт гаргах;
- Зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;
- Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;
Виртуал бүс байгуулснаар олон улсын сайн туршлагыг нутагшуулж, технологийн салбарын хөгжлийг хурдасгах улмаар уул уурхайгаас хараат бус, оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чухал хувь нэмэр оруулах юм.
Виртуал бүсэд бүртгүүлэх сонирхолтой байгууллагууд https://e-business.mn/home ДАН системээр дамжуулан хүсэлтээ илгээгээрэй.
